horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ид хүйтнээр VI бичлийн айлууд халаалтгүй 24 цаг зутарлаа

post-img

Байр нь халаалтгүй учир иргэд гадаа гарч алхаж  дулаацах болжээ

“Паар олигтой халдаггүй. Тэгтэл бүр халаалт тасраад, 24 цаг  боллоо. Хүйтэн гэрт шилбээр салхи сийгээд, сууж чадахгүй нь. Өвгөнтэйгөө хамт гэр хороололд дүүгийндээ очихоор явж байна” хэмээн ярих иргэн Улаанбаатар хотын VI бичил хороололд 35 жил амьдарчээ.

Анх байраа авахад дулаан, тухтай өвөлждөг байсан бол сүүлийн үед VI бичил хороололд орон сууц, хотхон их баригдсантай холбоотойгоор дулаан тарамдан,  даарах болсон талаар тэр ярилаа. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд дулаан 1-2 цагаар тасалддаг байсан. Харин энэ удаагийнх шиг 24 цаг тасарч үзээгүй гэнэ.

Тэдний гэрт орвол гэрийнхэн нь жижиг цагаан халаагуур залгаж, зузаан куртик өмсөн, халаагуурт гараа ээн сууж байлаа. Энэ бол XXI зуунд орон сууц, хотхон, хорооололд амьдарч буй иргэдийн бодит нөхцөл байдал. Бичил хороолол орчимд дулаан тасарснаас үүдэн, ямар хүндрэл гарсан талаар сурвалжиллаа.

“Төлснийхөө хэрээр хангалттай дулаан авч чадахгүй байна”

Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч байхад орон сууцны халаалт хангалтгүй, зэврүүхэн байгаа тухай шүүмжлэл сошиалд хөвөрнө. Тэгвэл сүүлийн хоёр хоног энэ  хорооллынхны группт дулааны асуудал маргаан дагуулжээ. Оршин суугчдын төлөөлөлтэй уулзахад “Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуультай ойртохын тулд 5 жил мөнгө цуглуулж, түүн дээрээ амьдарч байсан хашаа, байшингаа зарж, мөнгө нэмэрлэн, 150 сая төгрөгөөр хоёр өрөө байр авсан. Гэвч гэр хороололд байснаас дор нөхцөлд байна. Харамсаж байна. Халаалт ойр ойр тасарч, сүүлдээ  24 цагаар халаалтгүй болчихлоо. Бид сард дулаанд 50-60 мянган төгрөг төлдөг. Гэтэл төлснийхөө хэрээр хэрэглээгээ авч чадахгүй байна. Бичил хороолол орчмын байрууд их хүйтэн байдаг бололтой. Халаалттай хэдий ч гэр доторх дулаан 20 градуст  хүрдэггүй. Тийм учраас нэмэлтээр цахилгаан халаагуур авч залгасан.

Ер нь байр зарлагатай юм” гэж ярилаа.  

Байрны халаалт доголдож, иргэд гэр хороололд амьдрах бодол тээв

“Байртай болох мөрөөдөл нь биелсэн ч хөлдүү хананы дунд бээрч сууна гэж төсөөлсөнгүй” гэх халаглал, харамслын үгийг эндхийн олон хүнээс сонсов. Ийнхүү Бичил хорооллын иргэд гэртээ куртик, гуталтай сууж байна. Зарим нь дулаацахын тулд гэрээсээ гарч, байрнаас байрны хооронд алхаж явлаа.  

Энэ талаар Баянгол дүүргийн 34-р хорооны засаг дарга Ц.Сүмбэр “Манай хороонд 19 байр бий. Эдгээрийг тэжээдэг дулааны гол шугамд гэмтэл гарсан. Гэмтсэн шугамыг 30 гаруй жил шинэчлээгүй гэдэг. Засварчдын хэлснээр тухайн шугам нимгэрч, хүүхдийн зулай шиг болсон гэсэн. Дулаан тасарснаас хойш хороогоор орж, гарах иргэд олширлоо. Шугамыг засахаар 24 засварчин ажиллаж байгаа. Энгийн үед ч дулаантай холбоотой гомдол, санал манай хороонд их ирж байна. Халаалт муу байна. Хорооны ажилчид хүртэл гадуур хувцастайгаа ажилладаг” гэсэн юм. Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1111-т дулаантай холбоотой 50-60 гомдол өдөрт бүртгэгддэг байна. Үндсэндээ 95 градусын дулаантай байх ёстой бол одоогоор 60 градустай байна. Үүнээс дээш нэмж 80-90 градус хүргэхэд шугам хоолой задарсан байх магадлалтай гэх мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд өгсөн  юм.

Дулааны шугамыг зассан ОСНААГ-ын засварын инженер П.Жамсран

“Гэмтэл энэ сарын 7-нд гарсан. Бид гэмтлийг олохын тулд дөрвөн байршлын шугам хоолойг ухсан. Ингээд хамгийн сүүлийн буюу “Өргөө” кино театрын урдах шугамд гэмтэл гарсныг олж, уг шугамыг шинэчиллээ. Одоо айлуудын дулаан хэвийн болсон” хэмээв.

Зөвхөн Бичил хороолол дулаанаар хангагдаж чадахгүй байгаа биш. Энэ мэтчилэн дулааны шугамын асуудлаас үүдэн Яармаг, Хангай хотхон, 32-ын тойрог, Зайсан орчимд дулаан хангалтгүй байгааг УБДС ТӨХК онцоллоо.

Дулааны 380 км шугам сүлжээний дийлэнхийг нь ашиглах хугацаа дуусжээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Горим тохируулгын албаны дарга Т.Алтангэрэл “Орон сууц, хотхон, хорооллуудын айл өрхийн дулаан доголдож байгаа асуудал гарч байна. Орон сууцны конторууд дулааны тохиргоогоо сайн хийхгүй байна.  Нийслэлийн хэмжээнд 40 гаруй жил ашигласан дулааны  380 км  шугам сүлжээ бий. Үүний дийлэнхийг нь ашиглах хугацаа дууссан” хэмээв.

Сүүлийн 40-50 жилд дулааны станц нэмж бариагүй хэрнээ жил бүр 270 гаруй орон сууцыг дулааны шугамд холбох зөвшөөрөл олгодог байна. Одоогийн байдлаар дулаанд холбогдсон 16 мянган барилга, байгууламж бий. Шинээр дулааны станц  барьж, шугам хоолойгоо шинэчлэхгүй бол жилээс жилд хүйтэн хананы дунд өвөлжих айлын тоо нэмэгдэх нь. Цаашлаад гэр хороолол эцсийн сонголт нь болж, яндангийн тоог нэмж, утаанаас салах бидний мөрөөдөл талаар нэг болох вий. Халаалтын асуудал жил ирэх бүр орон сууцныхны толгойг өвтгөж, гэр хороололд амьдрах хүслийг өдөөх болж. Иймд эрхэм сайд, дарга нар аа! Эрчим хүчний салбараа аврах алхам хийе!

0/1000