Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа.
-Засгийн газраас Хэмнэлтийн хуулийн дагуу төсвийн мөнгөөр Шинэ жил, баяр ёслол тэмдэглэхгүй байх чиглэл өглөө. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмж, зайлшгүй санхүүжилтүүдийг саадгүй шийдэх даалгавар өглөө. Аль ч төрийн байгууллагад цалин, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал, хүүхдийн мөнгө саатаагүй. Нүүрсний үнэ энэ оны төсөв батлагдах үеэс 50 хувиар буурсан нь төсвийн тэнцэлд хүндрэл үүсгэж байна. Төлбөрийн тэнцэл 140 сая долларын ашигтай гарч эхэлсэн. Импорт буурахаар импортын татвараас улсын төсөвт орох орлого буурч байна. Энэ оны улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна. Үлдсэн хугацаанд орлого сайжруулахад бүх чиглэлд анхаарч ажиллаж байна. Гаалийн байгууллага бүх бололцоогоороо ажиллаж байна.
Татварын өршөөлийн тухай яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх, харзнах асуудал үүсэж байна. Ийм санаачилгыг эргэж харж, зогсоохыг шаардаж байна. Өчигдөр оройны байдлаар Төрийн сангийн үлдэгдэл 1.3 ихнаяд төгрөг байна. Төгрөгийн дансанд 750 тэрбум төгрөг үлдэгдэлтэй, бусад нь 560 тэрбум нь гадаад валютаар байна. Одоо бид орлгоос давсан зардал гаргаж болохгүй. Орж ирж байгаа орлогодоо таарсан зардал гаргаж байгаа.

