Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг өнөөдөр Засгийн газар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Р.Отгонжаргал өөрөө халагдах өргөдлөө өгсөн байна. Түүнийг 2022 оны 12 дугаар сарын 9-нд Засгийн газрын шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон юм. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхад нь түүнийг ГЕГ-ын дарга Б.Асралтын оронд Л.Оюун-Эрдэнэ авчирсан. Б.Асралт мөн л түүнтэй адил чөлөөлөгдөх өөрөө өргөдлөө өгч байв.
Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад Ерөнхий сайд даалгасан байна.
Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал 1975 оны 3 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймагт төрсөн. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр төгсжээ.

