horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Улиастай-Налайхын зам 5 жилийн дараа гэрлэн дохиотой болов

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо 15 мянган хүн амтай. 5 жилийн өмнө тус хороон дундуур автозам тавьжээ. Уг замыг явган зорчигчид зориулсан гүүрэн гарцтай байлгахаар зураг төсөлд тусгасан ч хийгээгүй аж. Үүний уршгаар 20 гаруй хүн явган хүний гарцаар гарах үедээ авто осолд орж, эрүүл мэндээрээ хохироод байна. Хамгийн сүүлд 2025 оны 4-р сард 12 настай хүү гарцаар гарах үедээ  машинд дайруулж, тархи, нуруундаа гэмтэл авсан юм. Осол гарснаас хойш 10 хоногийн дараа тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газар хурд сааруулагч хийснээр аюулгүй байдал бага ч гэсэн хангагдсан гэнэ.  

Тэгвэл энэ хорооны иргэдийн толгойны өвчин болсон 4 байршилд 1.2 тэрбум төгрөгөөр гэрлэн дохио суурилуулах амлалт 8 сарын дараа ажил хэрэг боллоо. 

Эдгээр гэрлэн дохио өөр дээрээ тохируулгатайг мэргэжилтнүүд онцлов.

“Явган зорчигч гарцаар гарахдаа кноп дарна”

ЗХУТ-ийн инженер Э.Юндэн “Суурьшлын бүс хэдий ч явган зорчигч цөөн. Тийм учраас хүмүүс гарцаар гарах үедээ гэрлэн дохионы багананд суурилуулсан товчлуурыг дарна.

Ингэснээр 50-70 секундын дотор ногоон гэрэл асна. Ингээд явган зорчигч замаар гарах юм. Бусад тохиолдолд машин ногоон гэрлээр зорчино” гэлээ. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын инженер С.Энхбаатар “Эхний удаад бид гэрлэн дохио суурилуулсан. Бид Замын сангийн хөрөнгөөр 2 гүүрэн гарц барихаар шийдсэн. Одоогоор зураг төсөл боловсруулж байна.

Тендерийг 2026 оны 1-р сарын 10-ны дотор зарлана. Ингээд 2026 ондоо багтаж, гүүрэн гарц барьж дуусгахаар төлөвлөлсөн. Тухайн гүүрэн гарцыг “Эмийн ургамал”, 126-р сургуулийн гарц орчимд байгуулна. Судалгаа хийгээд эдгээр цэгийг осол их гардаг, эрсдэлтэй байршил гэж тогтоосон” гэв

Хүүхдүүд гарцаар айдасгүй гардаг болов

126-р сургуулийн өмнөх авто замд тохируулгатай гэрлэн дохио суурилуулсан талаар тус сургуулийн нийгмийн ажилтан болон эцэг эхчүүд дараах байр суурийг илэрхийллээ. 126-р сургуулийн нийгмийн ажилтан С.Батцэцэг “Хурд сааруулагч суурилуулснаас хойш осол гарах эрсдэл эрс буурсан.

Гүүрэн гарцтай болчихвол хүүхэд, томчууд зам тээврийн осолд өртөх эрсдэл дахиад буурна. Нэг жилийн хугацаанд зөвхөн 126-р сургуулийн өмнөх явган зорчигчийн гарц дээр 3 хүүхэд машинд дайруулж, эрүүл мэндээрээ хохирсон” гэлээ.

Эцэг, эхчүүд…

“Хүүхдүүд гарцаар гарахдаа их айдастай болчихсон байсан юм. Өмнө нь хурд сааруулагчгүй байхад жолооч нар огт хурдаа хасдаггүй байсан. Харин хурд сааруулагч хийснээр зам тээврийн осол гарсан тохиолдол байхгүй. Авто замаар гарахдаа түгшихээргүй болсон гэж хүүхдүүд хэлдэг. Хурд сааруулагч, гэрлэн дохио тавиагүй байхад нэг байршилд 126-р сургуулийн 3 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Азаар амь наснаас нь холуур өнгөрсөн” гэж нэг хүн ярив.

Өөр нэгэн хүн “Гэрлэн дохио, эсвэл гүүрэн гарц хийчихээсэй гэж хүсдэг байсан. 5 жилийн турш хорооныхоо засаг даргаар дамжуулж, маш олон бичиг, хүсэлтийг Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албанд явуулсан. “Шийдэж өгнө” гэдэг л хариу хэлдэг. Харин өнгөрсөн 4-р сард хүүхэд машинд дайруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдснаас хойш л тэд хөдөлж, олон ажил хийлээ. Хүүхдүүд аюулгүй зорчих нөхцөл бүрдсэнд баярлаж байна. Удахгүй гүүрэн гарцтай болно гэдэгт итгэж байна” хэмээв .

“Налайхаас Улиастай хүртэл үргэлжлэх автозамыг зураг төслийн дагуу хийгээгүй” хэмээн АТГ удаа дараа мэдэгдэж байв. Учир нь 2021 онд тухайн замыг тавихдаа 5 гүүрэн гарцтай байхаар төсөлд тусгасан ч 1-ийг нь хийгээгүй аж.

Мөн 2021 онд Улиастайгаас Налайх хүртэлх автозамд гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн ч зураг төсөл нь алга болжээ. Цаашид Баянзүрхийн товчоо, “Ургах наран” хороолол орчимд гүүрэн гарц хийх эсэхийг харах л үлдлээ. 

0/1000