Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц зам хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камертай болжээ. Эдгээрийн 90 орчим хувийг нь БНХАУ-аас импортолсон байна. Хиймэл оюун ухаанд суурилсан камераар зөрчлийг илрүүлэх зорилгоор теле хяналтын камерын удирдлагын нэгдсэн төвийг нээсэн. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлж, торгууль ногдуулна гэдгийг ЗХУТ-өөс мэдээллээ.
Жолооч нарын хувьд өнгөрсөн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчилтэй саналд нийлэхгүй байгаа талаар гомдол ЗХУТ-д олон бүртгэгджээ. Тэгвэл он гарсаар энэ төрлийн алдаа гарахгүй гэх бөгөөд программд алдаагүй ажиллана хэмээн мэдэгдээд буй. Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтаар хурд хэтрүүлсэн, гэрэл дохио зөрчсөн, автобусны нэгдүгээр эгнээгээр зорчсон, эгнээ байр буруу эзлэх, автобусны буудалд зогсох, явган хүний зам талбай, ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байрлуулсан гэх мэт 10 зөрчлийг илрүүлэх аж. Нийслэлд өдөрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх 200-300 мянган тохиолдол бүртгэгддэг байна.

