Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд өчигдөр /2025.12.10/ төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, аудитын сэдвийг боловсруулахдаа улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлжээ.
Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулга болон аудитын сэдэвтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд төрийн өмчит үйлдвэрүүд ашиггүй, үрэлгэн байгаа тухай талаар аудитын байгууллагаас өгсөн шийдвэр, албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад 2012 оноос хойш 3000 гаруй шийдвэр өдийг хүртэл хэрэгжээгүй гэж байгаад анхаарч, энэхүү шийдвэрүүдийн дотор хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хэд байгаа зэргээр нь ангилж, хяналт тавьсан эсэхийг илүүтэй тодруулсан.
Мөн хөнгөлөлттэй зээлүүдээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалтад аудит хийдэг эсэхийг тодруулахын зэрэгцээ нийслэлийн үйл ажиллагаа, төсөвт аудит оруулах, ялангуяа орон сууцны талбайн хэмжээ, сууц өмчлөгчдийн төлбөр, ус, дулаан, цахилгааны асуудлаар тодорхой сэдэв болгох, “Шинэ хоршоо” хөлөлгөөний хэрэгжилтэд адуит хийлгэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа “Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.

