УИХ-ын Төсвийн байнгын хороонд өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан товч мэдээлэл хийлээ. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого 28 их наяд төгрөг, нийт зарлага 28.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 428.8 тэрбум төгрөг гарах төсөөлөлтэй байна. Түүнчлэн урсгал зардал 22.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ний 25.2 хувьтай, суурь тэнцэл 1.7 их наяд төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай байх төсөөлөлтэй байгаа нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 27 их наяд 968.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.5 хувь буюу 2 их наяд 277.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөөр байна. Энэ нь дараах хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Нүүрсний экспортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын мөнгөн дүн 2 дахин буурч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өмнөх оны мөн үеэс 1 их наяд 683.3 тэрбум төгрөгөөр, төлөвлөгөөнөөс 614.9 тэрбум төгрөгөөр тус тус буурч, 9 их наяд 395.2 тэрбум төгрөгт хүрэх хүлээлттэй байна. Нийт импортын дүн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тодотголд тусгагдсан дүнгээс 10.4 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар буурлаа. Импорт ийнхүү багаснаас гаалийн байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлого батлагдсан дүнгээс 1.2 их наяд төгрөгөөр буурч, 6.6 их наяд төгрөгт хүрэхээр байна гэж байлаа.
Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын үр дүнд оны эхэнд 742 сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл эхний 10 сарын байдлаар 141.0 сая ам.долларын эерэг гарч, гадаад валютын нөөц 12 дугаар сард 6.0 тэрбум ам.долларт хүрлээ. Түүнчлэн Эс Энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-”, төлөвийг “Тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Макро эдийн засгийн төлөв оны сүүлийн хагаст ийнхүү сайжирсан хэдий ч экспортын шокийн голлох салбаруудад үзүүлсэн сөрөг нөлөө үргэлжлэн төсвийн орлого буурахад нөлөөлсөн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд 397.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.2 хувь буюу 3 их наяд 212.2 тэрбум төгрөгөөр бага гарах төсөөлөлтэй байна. Энэ нь дараах шалтгаантай байна.
1/Төсвийн орлоготой уялдуулан төсвийн зардлыг санхүүжүүлж байна. Төрийн сангаас цалин хөлс, зээлийн үйлчилгээний төлбөр, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмж зэрэг зайлшгүй зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлж тухайн өдрийн татварын орлогын дүнгээс хамааран бусад урсгал болон хөрөнгийн зардлыг санхүүжүүлж байна.
2/Хөрөнгө оруулалтын зардлын хүлээгдэж буй гүйцэтгэл 81хувь буюу 2 их наяд 366.4 тэрбум төгрөг байна. Барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаа харьцангуй богино, улирлын нөлөө ихтэй, компаниудын гүйцэтгэлийн чадавхи хангалттай биш байгаагийн зэрэгцээ энэ онд шинээр хэрэгжиж эхэлсэн төслүүдийн 46.3 хувь нь 5 дугаар сард гэрээ байгуулсан нь гүйцэтгэл бага гарахад нөлөөлжээ. Сүүлийн 5 жилийн гүйцэтгэлийн дундаж 78 хувьтай байна.
3/Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь ирээгүй байгаа хөрөнгө оруулалтын үлдэгдэл 1 их наяд 180.9 тэрбум төгрөг, ирсэн хөрөнгө оруулалтын хүсэлт 98 тэрбум төгрөг байна. Он дуусах хүртлэх хугацаанд гүйцэтгэлд үндэслэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэвийн олгохоор ажиллаж байна.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 оны эцэст ДНБ-ний 40.4 хувь буюу 36.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагаас 20 хувь нэгж, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хязгаараас 10 хувь нэгжээр тус тус доогуур байгаа нь өрийн тогтвортой байдал бүрэн хангагдаж байгааг харуулж байна гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас улсын төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, 3.7 их наяд төгрөгийн татварын өр, ногдлын үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдээр болон 615.9 тэрбум төгрөгийн томоохон татварын өртэй татвар төлөгчдөөр өрийг төлүүлэх, Гаалийн ерөнхий газраас гаалийн баталгаат агуулах, бүсүүд дэх хугацаа хэтэрсэн барааны үлдэгдлийг бүрэн шахах замаар 49.7 тэрбум төгрөг, нефтийн бүтээгдэхүүний хойшлуулсан татварын ондоо багтаан барагдуулах замаар 18.6 тэрбум төгрөг, гаалийн баталгаат агуулахад байршуулах, хугацаа нь дууссан аж ахуйн нэгжүүдээс 10.0 тэрбум, өр авлагыг барагдуулах ажлыг идэвхжүүлэх замаар 2.2 тэрбум төгрөг, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг эрчимжүүлэх замаар 1.0 тэрбум төгрөгийн татварыг тус тус нэмж төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

