Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүхэлдээ дэмжигдэж эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. Бүх нийтээрээ амардаг баярын өдрүүд бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Б.Уянга анх санаачилсан юм. Түүний санаачилсан уг хуульд ЗГ-аас санал өгөхдөө нийтээр тэмдэглэх бүх баяруудыг биш зөвхөн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдэд таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай санал оруулсныг хууль санаачлагч дэмжиж зарчмын зөрүүтэй санал болгон оруулж иржээ.
Засгийн газрын дээрх санал Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авч чадаагүй ч чуулган дэмжлээ. Тэгэхээр нийтээр тэмдэглэх бүх баярын өдрүүдэд дээрх хууль үйлчлэхгүй буюу зөвхөн Үндэсний их баяр наадам, сар шинийн баярын өдрүүд бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн зохицуулалттай болно гэсэн үг юм.


