Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалт хийжээ. Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргасан байна.
Зөрчил гаргасан нийт иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар нэмэгджээ. Үүнээс зөрчил гаргасан хувь хүн 5.21 хувиар, уригч хуулийн этгээдийн хувиар зөрчил гаргасан хүн 84.07 хувиар өссөн байна.
Гадаадын иргэдийн гаргасан нийтлэг зөрчил:
- Хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих,
- Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх,
- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх,
- Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах,
- Визийн хугацаа хэтрүүлэх.
Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, Монголд байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр 32 улсын 1556 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн 1130 нь БНХАУ, 151 нь БНСУ-ын иргэд байна.

