Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто замыг 2026 онд барина. Энэ талаар Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны 2, 3 дугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.

Мөн цаашлаад Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж байна. Учир нь ДЦС 3, 4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх тул хот руу ойртуулж өгч байгаа юм. Иймээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн зүгээс газар чөлөөлөлт хийхийг хүсэж байна. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.
12.5 км үргэлжлэх тусгай зориулалтын гэх энэ автозам нь хоёр эгнээ байна. Тус бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай гэж үзэж байна.


