Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ “Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан” хэмээн мэдээллээ. Төв банкны зүгээс бодлогын хүүг бууруулах орон зай хараахан бий болоогүй гэж үзэж байгаагаа энэ үеэр хэллээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох
- Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;
- Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2025 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувь, Улаанбаатар хотод 8.7 хувьтай гарлаа. Ийнхүү инфляц өмнөх сараас буурахад төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлсэн нь голлон нөлөөлөв. Гэвч ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ. Улмаар инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжихоор байна. Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.
Эдийн засаг 2025 оны эхний 3 улиралд 5.9 хувиар өссөн нь хүлээлттэй нийцтэй байна. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар бүрдүүлж байгаа ба цаашдын төлвийг хэвээр хадгаллаа.
Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн хүлээлтээс харьцангуй бага нөлөөтэй байгаагаас дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин нэмэгдсэн, мөн дэлхийн зах зээл дээрх алт болон зэсийн үнэ хүлээлтээс өндөр байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалах болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Энэхүү шийдвэр нь банкны зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болно. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор боломжит бодлогын хувилбаруудыг хэлэлцэж, шийдвэрлэв.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршууллаа хэмээн мэдээллээ.


