horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төрд шоовдорлогдсон цор ганц сум-Алтай

post-img

Ажбогдын өвөрт хэдэн тоорой, хайлаас шигээ торойх Алтай сумыг Монголын төр мартжээ. Дэлхийн хүмүүс сансарт аялж, дэргэдэх сумынхан гар утсаараа гадаад кино үзэж суухад Алтай сумынхан л гар чийдэнгийн гэрэлд өвчтөн эмчилж, гар утасныхаа гэрэлд хичээлээ хийж сууна.

Тус сумын төрийн байгууллагууд бүгд дизель мотортой. Сум ганцхан ШТС-тай. Тэнд шатахуун тасарвал сум даяараа ёлтойх ч гэрэлгүй, пад харанхуй болдог ажээ. “Медиа групп” компанийн NTV телевизийн сурвалжлах багийг Алтай суманд 2025.12.05-нд ажиллах үеэр 20:43 цагт сумын эмнэлэгт 3 кг жинтэй хүү мэндэллээ. Азаар цахилгаантай байх үед эх нярайлж, эх баригч, сувилагч нар амаржсан эхийг орон дээрээс буулгах үед цахилгаан тасарчээ. Цахилгаангүй үед эх төрвөл 12 вольтын гэрэл дизель мотор асаадаг. Өвчтөнүүдийн цагийн тариаг гар чийдэнгийн гэрэлд хийдэг гэнэ. Хүнд өвчтөн ирвэл мотороор гэрэл асаан, хүчилтөрөгчийн аппарат ажиллуулдаг юм байна.

Тус сумын сургууль 340 сурагч, 60 багш, ажилчинтай. Сургууль 5 тусдаа барилгаас бүрддэг. Тэдгээрийг нам даралтын 4 зуухаар халаадаг аж. Зуухаа мэдээж нүүрсээр галлана. Зууханд халаасан усаа цахилгаан мотороор 5 барилга руу шахдаг. Цахилгаан тасрахаар мотор унтарч, ус шахахаа больдог тул сургууль халаалтгүй болдог. Гадаа хүйтрэх тусам сурагч, багш нар даарч, сургуулийн паар хөлдөх эрсдэл үүсдэг тул цахилгаангүй үед дизель мотороор халуун усаа шахдаг юм байна. 22:00-24:00, 04:00-07:00 цагийн хооронд дизель мотор асааж, цахилгаан ирэхээр цахилгаан мотороор халуун усаа шахаж байв. Ес эхлэхээр дизель мотор асаах цагаа уртасгахгүй бол сургуулиа халааж хүчирдэггүй ажээ. Тус сургууль ганцхан дизель мотортой учир нам даралтын 4 зуухандаа ээлжлэн, залгадаг. Энэ ажлыг хариуцсан ажилчин шөнөжин мотороо зөөж явсаар унтдаггүй.

Өглөө эхний, оройн сүүлчийн 2 хичээлийн үеэр гадаа харанхуй байдаг тул багш гар чийдэнгийн гэрэлд хичээл зааж, сурагчид гар утсаараа дэвтрээ гэрэлтүүлэн, хичээлээ бичдэг. Орой хичээл тарсны дараа жижүүр сурагчид харанхуйд ангиа цэвэрлэх гэж бөөн юм болно. Нэг нь гэрлийн шон болон зогсож, гар утсаараа гэрэлтүүлж өглөө ч булан тохойд хог үлдээх, шалаа халтартуулах энүүхэнд. 4 хүүхдийн 2-ынх нь утасны цэнэг дуусчихсан байх нь элбэг. Бүгдийнх нь утас цэнэггүй бол тэгээд л дуусаа.

Энэ хүүхдүүдийг төрөхөд л сум нь харанхуй байжээ. Багш нар нь ч ийм л харанхуй суманд төрж, гэрэлтэй хотод мэргэжил эзэмшээд, буцаж ирэхэд өнөө л харанхуй сум нь угтжээ. Төрдөө хаягдсан харанхуй сумаа тэд өөрсдөө хаявал Алтай  хоосорно. Харанхуй ч гэсэн нутаг минь, хол ч гэсэн сум минь хэмээн хүмүүс зүтгэсээр явна. Гэвч тэвчээрийн утас тасрах нь бий. Сүүлийн 5 жилд 200 гаруй хүн тус сумаас шилжжээ.

Сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Тэдний цай, хоолыг тогооч нар гал дээр хийдэг. Дотуур байрны хүүхдүүдийн гар утсыг багш нь орой унтахын өмнө хурааж аван, өглөө босохоор нь өгдөг. Өглөө хүүхдүүд тас харанхуй өрөөндөө хувцсаа өмсөн, харанхуй хонгилоор бүдчиж, хана мөргөн явсаар багшаасаа утсаа авч, гэрлийг нь асаана.

Сургуулийн дугуйлангууд 18:00-19:00 цагийн хооронд гар утас, гар чийдэнгийн гэрэлд, 19:00-20:00 цагийн хооронд цахилгаан гэрэлд хичээллэдэг. Заримдаа цахилгаан цагтаа ирэхгүй байх нь ч бий.

Говь-Алтай аймгийн 18 сумаас Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбогдоогүй ганц сум нь Алтай. Тус аймгийн Статистикийн хэлтсийн мэдээгээр Алтай сум 543 өрхийн 1909 хүн амтай. Аймгийн төвөөс 365 км хол оршдог ч хилийн сум учир Алтайд цэргийн 2 анги байрладаг. Энэ талаас нь харвал Алтай бол Монгол Улсын онцгой сум. Гэвч төр үүнийг мэдэж байгаа юм алга.

Манай улс 2018 онд Азийн хөгжлийн банкнаас зээл авч, Алтай суманд Нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх үүсгүүр байрлуулсан юм. Гэвч тэр нь хэрэглэгчдийн хэрэгцээг хүчрэхгүй байсан тул 2021 оны 8-р сараас Нарны цэнэг хураах систем нэмж суурилуулан, 2022 оны 6-р сард ашиглалтад оруулжээ. 1 сая гаруй ам.доллароор босгосон уг хураагуур 600 кВт-ын хүчин чадалтай, 3000 кВт/ц-ын багтаамжтай. 150 кВт-ын 2 дизель станцтай. Үүгээр тус сумын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ.

Гэвч алтайнхныг гэрэлтэй байх эсэхийг Нар, үүл хоёр шийддэг. Өчигдөр Нартай байсан бол өглөө 08:00 цагт хичээл эхлэхэд цахилгаан ирж, 30 минутын дараа тасарна. Тэр өдөр Нарлаг байвал өдөртөө цахилгаан өгнө. Нар багатай бол өдөрт цахилгаангүй өнжиж, орой 19:00-22:00 цагийн хооронд дахин цахилгаан ирнэ. Энэ 3 цагт л эндхийн амьдрал оволзоно. Зурагтаа үзнэ. Хувцсаа индүүднэ. Сурагчид гэрийн даалгавраа хийнэ. Ажилтнууд нөүтбүүк дээр хийх ажлаа амжуулна. Гар утас, повер банк, гар чийдэнгээ дүүртэл цэнэглэж авах нь хамгийн чухал.

2023-2024 онд Алтай сумаас Бургастайн боомт руу 8 тэрбум төгрөгөөр 35 кВ-ын 70.7 км урт шугам татаж, дэд станц барин, сумын төвийн 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчилжээ. Үүнийг “Алтайн хүдэр” компанийн Бургастайн боомтоор дамжуулан, Хятадаас татсан цахилгаан дамжуулах шугамд холбож, Алтай сумын иргэдийг импортын цахилгаанаар хангадаг болжээ. Ингэхдээ тус сумын хэрэглэгчдэд хэрэгцээт цахилгааны хагасыг Хятадаас авсан цахилгаанаар, хагасыг нь Нарны эрчим хүчээр хангадаг байжээ.

Энэ үед л алтайнхан өдөр, шөнөгүй цахилгаантай байхын жаргалыг мэдэрч, айл бүр өнөө үеийн хүмүүсийн хэрэглэдэг цахилгаан хэрэгсэлтэй болжээ. Гэвч тэр жаргал үүлэн чөлөөний Нар байлаа.

Алтай сумын айл, албан байгууллагууд импортоор авсан цахилгааны төлбөрөө “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д төлж байв. Түүнийг нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниас “Алтайн хүдэр” компанид шилжүүлэх ёстой. Гэтэл “Алтайн хүдэр” компани гадаадаас цахилгаан импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй ажээ. Иймд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК Алтай сумынхны цахилгааны төлбөрийг “Алтайн хүдэр” компанид шилжүүлэх боломжгүйд хүрчээ. Ингээд “Алтайн хүдэр” цахилгааныхаа төлбөрийг төлөөгүй гэдэг шалтгаанаар Алтай сумынханд цахилгаан өгөхөө болив. 2024 оны сонгуулийн дараа л тус сумынхан дахин цахилгааны хязгаарлалтад орж, хөргөгч, хөлдөөгчин доторх мах өмхийрөн, угаалгын машин ашиглах аргагүй болж, зурагт нь оройд л асаадаг эд болж хувирчээ.

Одоо БНХАУ-ын Хами аймгаас цахилгаан авахаар төлөвлөж буй аж. Алтайгаас Бургастайн боомт руу татсан агаарын шугамыг Хами аймгийн цахилгааны шугамд холбох л үлджээ. Энэ нь ганцхан өдрийн ажил гэнэ. Гэвч энэ 1 өдрийн ажил нь 2 жил дамнан шийдэгдээгүй байна. Энэ оны 10-р сард Хами аймгаас цахилгаан авч эхэлнэ гэсэн сураг гарсан ч талаар болов. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадаас цахилгаан оруулж ирэх зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан, одоо Хами аймагтай цахилгаан худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар хүлээж байна.

Үүнд холбогдох хүмүүсийн өгсөн тайлбарыг танилцуулъя.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Алтай сум яагаад цахилгаангүй байгааг МАН-аас асуу. Говь-Алтай аймгаас сүүлийн 34 жилд завсаргүй МАН сонгуульд ялсан. Их хуралд ч, орон нутагт ч тэр. Хятадаас авах цахилгааны үнийг тохирох асуудал байна. Хятадын цахилгаан үнэтэй. Үүнийг Алтай сумын иргэд төлж дийлэхгүй. Тиймээс Эрчим хүчний яаманд үнийн зөрүүг шийдэх албан бичиг явуулсан. Үүнээс гадна энэ бол Хятад, Монгол 2 улсын Засгийн газрын асуудал. Гадаад харилцааны яамаар дамжина. Энэ бүхнээс болоод цаг их орж байгаа.

УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү:

-17 жилийн өмнө л Алтай сум руу Хятадаас цахилгаан татахаар хил хоорондын хэлэлцээ хийх асуудал яригдаж байсан. Намайг Эрчим хүчний сайд байхад урд хөрш эрчим хүч өгье гэж зөвшөөрсөн. Одоо үүнийг эцэслэн шийдэх хэрэгтэй шүү дээ. Хятадаас ахуйн хэрэгцээний биш, үйлдвэрлэлд шаардлагатай эрчим хүч авах хэрэгтэй. Харин Хятадын эрчим хүч тасарсан үед Нар, салхиар хангах хэрэгтэй.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Нэг сумыг цахилгаанаар хангахын тулд ЗГ-ын тогтоол санаачлаад явна гэдэг бас их урт замтай. Үүнээс нь төвөгшөөгөөд, 2024 онд аж ахуйн нэгжийн импортолж байгаа цахилгаанд Алтайг холбочихсон байсан юм. Он гаргаад БНХАУ руу явъя даа…

0/1000