Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБ.Санчир: Дуу хөгжимд хөрөнгө оруулах нь коинд мөнгө хийхтэй адил эрсдэлтэй
- 2025/12/12

- 2 өдрийн өмнө

- 8 мин уншина

“Яруу-Арт” продакшны захирал, “Мөрч”, “Шар гэгээ”, “Надад ирээгүй хайр” зэрэг киноны дууг зохиосон хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчиртай ярилцлаа.

-Таныг дуучдаас ялгах нэг онцлог БНХАУ-д олон жил ажиллаж амьдарч байснаараа ялгарах байх. Энэ сэдвээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Амьдралын шаардлагаар сургуулиа хаяад, Хятад руу явж байсан. Анх Хятадад очоод, бааранд дуулах ажил хийж байгаад, сүүлдээ сонирхлоороо киноны хөгжмийн салбарт шилжсэн. Энэ салбарт нийтдээ 10-аад жил зүтгэж байна. Би урд очиж ажиллах хугацаандаа өнөө цагт урлагт хүчин зүтгэж байгаа үндсэн боловсролоо олж авсан. Маргах аргагүй. Тэнд сурсан мэдсэнээ Монголынхоо кино урлагт, дууны урлагт, хөгжмийн урлагт оруулах, өөрийнхөө хэмжээнд урлагийн салхийг арай өөрөөр эргүүлэхийг хичээж, зорьж явна.

Миний нэг хүсэл бий. Дээхнэ үед Монголд киноны хөгжмийг их ач холбогдол өгч бичдэг байсан. Оркестр оруулаад л, хүний сэтгэлийн дотоод мөн чанар луу чиглэсэн аялгуутай бүтээдэг байлаа шүү дээ. Тэр ч үүднээсээ дээр үеийн кинонууд илүү амьтай болж, хүний сэтгэлд илүү хүрдэг байсан болов уу гэж боддог юм. Тэр зүйл сүүлийн 20-30 жил алдагдсан юм шиг надад анзаарагддаг л даа. Бусад хүн энэ талаар ямар бодолтой явдаг талаар сайн мэдэхгүй байна. Өмнө нь Монголын кино урлагт байсан тэр хөгжмийг эргүүлж сэргээхийг би хүсдэг. Үүний төлөө үзэж тарж байна гэх үү дээ. Хятадад бол киноны хөгжимд их ач холбогдол өгч, оркестроор бичдэг. Киноны 50 хувь нь хөгжим байх ёстой гэсэн зарчим баримталж, гүйцэтгэлд их анхаардаг.

-Гэхдээ кино өөрөө их өртөгтэй бүтдэг. Тэр их хөрөнгөний хажуугаар киноны хөгжмийг нүсэр хийвэл зардал улам өсөх байх?

-Аливаа зүйлд шалтаг хэлээд байвал бүтэхгүй гэдэг үүднээс л шалтаг тоочилгүй ажиллахыг зорьдог. Миний хийсэн сүүлийн хэдэн киноны хөгжмийн талаар үзэгчдээс маш эерэг, гоё сэтгэгдэл их ирсэн. “Юм бодогдуулам дотортой хөгжим болжээ”, “Арай өөр байна” гэсэн үгс цөөнгүй сонссон. Их урам авсан. Бас их талархалтай хандаж байгаа.

-Киноны дуу, хөгжим гэдэг бусад дуунаас арай өөрөөр бүтдэг үү?

-Тухайн киноны агуулга, уур амьсгал, атмосфер лүү их орно л доо. Аливаа зүйлийг зохиож байгаа хүн амьдралын арвин баялаг түүхтэй буюу жаргаж, зовж, уйлж, өнчирч, хагацаж үзсэн хүмүүсээс илүү сайн уран бүтээл гардаг болов уу гэж би боддог юм. Энэ ч үүднээсээ надад ирж байгаа уран бүтээлүүд жанр жанраараа өөр. Хос хоёрын түүхийн тухай кино байна. Тэр хөгжмийг хөрсөн дээр нь амьд буулгахын тулд өөрөө цуг дурлалцана. Өөртөө тохиолдсон хайрын түүхийг бодож хийнэ. Ээж, аавын тухай кино хийвэл ээж аавынхаа тухай бодож байгаад хийдэг ч юм уу. Дотоод уур амьсгалд нь өөрөө орж байж бүтээх болдог. Учиргүй л сансрын ч юм уу, зөгнөлт кино биш бол кинондоо орж хөгжмөө бичихэд гайгүй шүү.

“Шар гэгээ” гэхэд хүүхдийн асуудал гардаг. Миний амьдралд яг л нялх нойтон хүүхдийн байх, байхгүйн зовлон байсан. Тиймээс “Шар гэгээ” ойрхон. “Надад ирээгүй хайр” кинонд гардаг үйл явдлын тухайд гэвэл намайг хүүхэд байхад нийгэм солигдсоноос үүдэлтэй олон хүн спиртний архичид болж байсан түүх бий. Яг л уг кинонд гардаг шиг гоё гоё бүсгүйчүүд, эгч нар архинд орохыг нүдээрээ харж байсан учраас хөгжмөө бичихдээ тэр бүхнийг мэдрээд л хийдэг.

Тухай тухайн уран бүтээлийг өөрийнхөө амьдрал дээр үзсэн, харсан, мэдэрсэн зүйлтэйгээ уяж холбоод хийдэг.

-Та дуучин хүн. Гэхдээ сүүлдээ мэргэжлээ хөгжмийн зохиолч болгож хувиргаад явж байна. Өөрийн хоолойгоор дуулах мэдрэмж, бичсэн найруулсан хөгжмөө, дуугаа өөр хүнээр дуулуулаад, сонсох мэдрэмжээс мэдээж их өөр байх даа?

-Миний бодлоор яг одоогоо мэдрээд амьдарч байхад дуучин сайхан. Маш хурдан олонд танигдана. Амьдрал ахуйн чанарт хурдан нөлөөлнө. Киноны хөгжмийн зохиол бичих юм уу, эсвэл хөгжмийн зохиолчоор ажиллах зэрэг ажил өөрөө тодорхойгүй хугацаагаар насалж үлдэнэ. Цаад үедээ өвлөгдөж хүрнэ. Тийм ч учраас илүү настай, илүү амьтай байдаг болов уу гэж боддог. Мэдээж санхүү мөнгө бага шийдэгддэг болохоор яг хүссэн зорьсноороо авч, хийж чадахгүй байх тохиолдол бий. Дутуу болчхоод байдаг. Тухайлбал: Оркестор оруулмаар байвч киноны хөгжим захиалсан улс маань оркестрын зардлыг дийлдэггүйн зовлон гээд яривал их юм байна.

Гэхдээ аль болох л аятайхан юм хийчих юмсан, сайн юм хийчих юмсан, үлдэхээр юм хийчих юмсан гэдэг сэтгэлээр л зүтгэдэг дээ. Хүсэл зорилгодоо хөтлөгдөөд л гүрийгээд ажиллаж байгаа гэх үү дээ.

-Хятадад бол энэ салбарын дэмжлэг сайн байдаг байх тийм үү?

-Хятад улсад төрөөс нь урлаг, соёлын салбараа их дэмждэг. Солонгос улсын хувьд ч гэсэн эдийн засгийнх нь тодорхой хувийг урлаг, соёлынхон нь бүрдүүлдэг учраас төр, засгаас нь их дэмждэг. Бизнесийнхэн нь ч их дэмждэг юм билээ.

-Сүүлд ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Дуучин Т.Ариунаа эгчийн “Зүрх асна” тоглолтын хөгжмийн найруулгыг хийлээ. Дуучин Г.Эрдэнэчимэгтэй “Галбингаа” киноны дуу хийлээ. Дуучин Э.Дашнямтай “Шар гэгээ” киноны дууг хийсэн. Энэ дуу маань өнгөрсөн жил Өвөр Монголын хит дуу болсон гээд л хийсэн ажлын үр өгөөж бас гараад л байна.

-Ер нь хэдэн киноны хөгжим хийсэн бэ?

-“Яруу-Арт” продакшнаа байгуулаад, 2 жилийн хугацаанд 16-17 киноны хөгжим бичсэн байх.

-Амьд тоглолт үзэж байхад хөгжмийн дуугаралт асуудал үүсгээд байх шиг байдаг. Дуу хөгжим зохиодог, тоглолтын найруулга хийдэг хүний хувьд техникийн бэрхшээл их гардаг болов уу гэж анзаарсан?

-Тийм юм зөндөө шүү. Тоглолтон дээр ч гэсэн, киноны нээлтэд ч тэр, тийм зүйл их гардаг. Бид студи дээрээ сэтгэлдээ хүртэл гоё дуугаралттай хийчихсэн байдаг. Яг тоглолтон дээр очихоороо хүссэн хэмжээгээр дуугарч өгдөггүй. Кино театрт ч гэсэн хөгжим өмнө нь хийсэн шиг дуугарч өгдөггүй. Дандаа сэтгэл дундуур үлддэг. Нөгөө л техник, технологийн хөгжилтэй л холбоотой. Хэцүү шүү дээ. Кино театруудын хувьд ч гэсэн яг стандарт барьсан дуугаралттай нь цөөхөн. Киноны хөгжим хийгээд л кино театрт аваачиж гаргалаа гээд л бөөн юм болоод л том дуугараад л очдог юм. Даанч хийсэн гоё хөгжмийн атмосфер, хүнд төрдөг тэр гоё мэдрэмж төрдөггүй. Тэгээд л сэтгэл дундуур үлддэг. “Ээ би ингэж хийгээгүй шүү дээ “гээд л үлддэг дээ.

-Уран бүтээлээ туурвихдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Уран бүтээл, тэр дундаа дуу нэг их хурдан гараад, хүмүүст шууд хүрээд л, буудаад л олны танил болохоос илүү чанартай уран бүтээл хийх юмсан гэж хичээдэг. Дууны үг, аяыг минь сонссон хүмүүс ээж аавынхаа тухай ч юм уу, хайрынхаа тухай ч юм уу бодож, хүмүүсийн сэтгэлд үлдээсэй гэж хүсдэг.

-Дуу болгон хит болоод байдаггүй. Магадгүй их ач холбогдол, хөдөлмөр шингэсэн бүтээл байлаа ч хүмүүст тэр бүр хүрээгүй байх магадлал их байх шиг. Хөдөлмөр хүчээ зориулахад, хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй салбар шиг санагдаад байх юм?

-Ялангуяа би өөрийнхөө дуулж байгаа дууг явуулъя гэж нэг их боддоггүй. Явах үедээ явна биз, явахгүй үедээ явахгүй л байна биз. Гэхдээ ходоодны мухарт дуучин гэдэг юм чинь арилахгүй л байна. “Харанга”-ын Лхагваа ахтай хийсэн дууны клипийг бараг 30, 40 саяар хийсэн ажил шүү дээ. Лхагваа ах чинь ямар мундаг хүн билээ. Хятадаас ирсэн, хэн ч мэдэхгүй сураггүй нэг залууг, уран бүтээлийг минь үнэлээд хамт дуулсан. Би чинь мөрөөдлөө биелүүлж байгаа байхгүй юу. “Харанга”-ын Х.Лхагвасүрэнтэй хамт дуулна гэдэг чинь миний хувьд мөрөөдөл.

Ямар том амьтан билээ. Хүний амьдрал гэж сонин шүү. Би бага байхдаа сонины тасархай дээрх Лхагваа ахын зургийг хараад л энэ хүнтэй таарч үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Хөдөөний хүүгийн мөрөөдөл байсан. Гэтэл нөгөө хүнтэйгээ хамт дуулаад, клип хийчихсэн явж байгаа юм.

Лхагваа ахыг хажууд суугаад дуулж байна гэж төсөөлж ч байгаагүй байх. Тэр дууг би сайн явах байх гэж бодож байсан. Энэ үнэхээр тасарчихсан дуу. Дуу нь өөрөө их гоё. Аль 60-70 оны гоё үгтэй, гоё аятай. Энэ дууг л тоож, Лхагваа ах надтай хамтарсан байх. Намайг ч тоож орж ирнэ гэж юу байх вэ? Тэгээд л бид хоёр дуулсан. Дуугаа гаргаж байхдаа “Би энэ дууг яаж ийгээд олонд хүргэнэ” гээд л хичээж байлаа.

Нэлээн ч сайн төсөв гаргасан. Урдаас ирээд удаагүй байсныг хэлэх үү? Байр авна гэсэн мөнгөө бүгдийг нь хийсэн гэдэг шиг л зүйл болсон. Гэхдээ яваагүй шүү дээ. Хааяа өөрөө л гаргаж ирж сонсож байна /инээв/. Энэ мэт оруулсан зардлаа нөхөж чаддаггүй уран бүтээл 60-70 хувь шүү. Уран бүтээл туурвина гэдэг чинь өөрөө асар том эрсдэл. Яг нөгөө коинд мөнгөө хийхтэй адил гэхэд хилсдэхгүй.

-Дуучин хүн дуугаа дуулж байхдаа өөр ямар ч ажил мэргэжилд мэдрэхгүй өвөрмөц мэдрэмж төрдөг байх гэж тайзан дээр дуулж байгаа дуучдыг харахаар бодогддог шүү.

-Би чинь бааранд 13 жил дуулсан гээд бод доо. Дуулж байх үед маш их омогшил төрж, онгирдог ч юм уу баавартай мэдрэмж төрдөг. Тайзан дээр дуулж байхдаа бол хэнтэй ч дуугармааргүй, жарвайгаад суучихмаар санагддаг. Харин киноны хөгжим зохиож байхад илүү сэтгэл хөглөгдөх, уйлах нь илүү их байдаг. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа нэг кино байгаа. Хэчнээн ч удаа уйлав, хэчнээн ч баярлав.

-Урлагийн салбар гэхдээ өршөөлгүй салбар шиг санагддаг. Олны хайр хүндэтгэлийг их хүлээдэг хэрнээ түүнийг дааж явна гэдэг амаргүй болов уу? Алдаж онож яваа хүмүүс дундаас олны танил, урлагийнхан руу илүү их дайрч байгаа хандлага ажиглагддаг?

-Миний хувьд хандаа Хятадад байхдаа хага даруулж явсан л даа. Хүнд дээрэлхүүлж, зодуулж, нүдүүлж, хараалгуулж явсан болохоор их юм боддог шүү. “Ээ дээ энэ хүмүүсийн хайр хүндэтгэлийг авч яваа бол даасан шиг даагаарай” гэж өөртөө хэлдэг. Хэрэв хүний хайр хүндэтгэлийг дааж чадахгүй гэдгээ эртнээс мэдэж байгаа бол урлагийн салбарт ойртоод ч хэрэг байхгүй. Бид чинь муу сайн ч олон хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй.

Бидний үг, үйлдэл хүүхдүүдийн хүмүүжил, хүмүүсийн сэтгэл санаа, амьдралын чанарт их, бага хэмжээгээр нөлөөлнө. Гадаадад бол ямар нэгэн байдлаар ард түмнийхээ урмыг хугалсан урлаг, соёлын оддын карьерыг шууд дуусгадаг жишиг бий. Энэ бүхнийг мэддэг болохоор хувьдаа бол хичээж л явна даа.

Ямар нэгэн байдлаар хүний хайр, хүндэтгэл хүлээх юм бол сэвтээчихгүй юмсан даа гэж өглөө бүр боддог. Гэхдээ хүн амьдралд ам гарч болохгүй. Ямартаа ч зөв амьдрах юмсан гэж зорьж явдаг даа.

-Цаг заваа зарцуулж бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай