Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгН.Багабанди: Оюутолгой ТЭЗҮ-гүй явж ирсэн нь гээндээ ч бий гоондоо ч бий
- 2025/12/12

- -2 цаг 0 минутын өмнө

- 4 мин уншина

Монгол улсын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Оюутолгой компанийн ТУЗ-д олон жил ажилласан байдаг. Түүнээс тодруулга авлаа.

-Та Оюутолгойн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. Сонсгол 3 дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын явц ямархуу санагдаж байна вэ?

-Оюутолгойн сонсгол их үр дүнтэй өрнөж байна гэж дүгнэх байна. Шинжээчид баримтуудыг сайн судалсан байгаа нь харагдлаа. Их ч чухал асуудал хэлэлцэж байна. Монголын эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гараасай гэж хүсэж байгаа. Уг нь төр засгаас шийдвэрүүд гараад л байгаа л даа. Гэхдээ тэр шийдвэрүүд нь хэрэгждэг байгаасай гэсэн хүлээлттэй байна.

-Та Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байхдаа ямар ямар шийдвэрүүдийг гаргаж байсан бэ?

-Намайг Оюутолгойн ТУЗ-д удаан ажиллалаа гэдэг яриа байдаг. Би бүтээн байгуулалтынх нь хугацаанд ТУЗ-д ажиллаж байсан. Оюу толгойд үйлдвэрлэл юу ч эхлээгүй байх үе л дээ. 2010-2012 онд. Дубайн гэрээ байгуулагдсаны дараа гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэх үеэр би мөн засгийн газрын шийдвэрээр ахин ТУЗ-д томилогдсон. 2023 оны 3-р сарын 13-нд гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхэлсэн. Би 5 сараас нь чөлөөлөгдсөн. Би ерөөсөө Оюутолгойд бүтээн байгуулалт өрнөж байх үед л ТУЗ-д байсан гэсэн үг. Бүтээн байгуулалт хийлгүйгээр ямар нэгэн үр ашиг байхгүй. Монголд ямар нэгэн хүртээмж байхгүй. Ямар нэгэн татвар гэж байхгүй. Оюу толгойн бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж байна. Үндсэн ажил хийгдсэн. Оюутолгой үндсэндээ үр ашигтай ажиллах циклдээ орсон. Одоо Монголын ард түмэнд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр л ажиллах шаардлагатай.

Өгөөжийг бууруулж байгаа олон хүчин зүйл бий. Энэ нь хэн нэгэн хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй. Бүгд гэрээгээр зохицуулагддаг. Тиймээс гэрээгээ сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай.

-Монголын засгийн газрыг төлөөлөөд ТУЗ-д ажиллахад улс орныхоо эрх ашгийг хамгаалж өмгөөлөх боломж гардаг байсан уу? Таны үг ер нь тэр ТУЗ-д нөлөө үзүүлж байсан уу? Эсвэл олон хүнтэй талаасаа шийдвэрүүд гараад явдаг байв уу?

-Шийдвэр гаргах түвшинд яах аргагүй бидний хүч дутагдана л даа. Засаглалтай холбоотой. Оюутолгойн төлөөлөл удирдах зөвлөлд 2 талаас 6/3 харицаатай бүрэлдэхүүн багтаж байсан. Гар өргөж шийдвэр гардаг. Тооны хувьд цөөнх учраас эцсийн шийдвэрт бодитой нөлөөлөх нөлөөлөл хомс. Гэхдээ бид зөнд нь хаяж байгаагүй. Байнга улс орныхоо эрх ашгийг хамгаалж дуугардаг байсан. Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс Монголоос ирсэн чиглэлээс ирсэн чиглэлийн дагуу ажиллаж байсан. Энэ асуудалд ийм байр суурь баримтална гээд заачихсан байдаг. Хурлын протоколуудад байгаа байх. Ямар нэгэн байдлаар удирдамжийнхаа эсрэг ажилласан зүйл байхгүй. Түүнийгээ хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Хурлыг хойшлуулдаг, шөнөжин хуралддаг, ахин дахин хуралддаг, сар бүр хуралддаг тохиолдлууд байсан. Яагаад гэхээр Монголд үр ашиггүй, хохиролтой байсан асуудлуудыг өөр байдлаар шийдэхийн тулд л ингэж хуралддаг байсан.

Хамгийн гол асуудал бол гэрээгээр хүлээсэн үүрэг байгаа учраас төлөөлөхөд хүндрэлтэй. Гэрээгээр Монголын талын үр ашиг хүртэх боломжийг хааж байгаа заалтуудыг өөрчлөх шаардлагатай. Үүнийг гэрээ байгуулсан 2 тал өөрчлөх боломжтой.

Сонсгол дээр гэрээгээ хэрхэн сайжруулах тухай асуудал яригдаж байна. Мөн зээлийн хүү өндөр тухай асуудал яригдаж байгаа. Үндсэн зээлээсээ зээлийн хүү 2-3 дахин өндөр байгаа утгагүй асуудлыг өөрчлөх тухай мөн яригдаж байна. Цаашдаа зээлийн хүүгээ бууруулах, Монгол улсын талын хүртэх байсан алдагдсан боломжийг ярих тухай асуудал бий. Аль альныг нь яриасай гэж бодож байна.

-Шинжээчдийн хэлж байгаа ноцтой дүгнэлт нь Оюутолгой өнгөрсөн хугацаанд ТЭЗҮ-гүй ажилласан тухай. Та үүнийг мэдэж байсан уу?

-Хурал бүрд яридаг байсан шүү дээ. ТЭЗҮ-гээ батлуулаач ээ гээд. ТЭЗҮ батлахад Эрдэс баялгийн зөвлөл гээд Монголын талын оролцоо бас бий. Гээндээ ч бий, гоондоо ч бий л гэдэг шиг зүйл байгаа юм.

-Та Оюутолгойн гэрээ хийгдсэн нь зөв үү буруу юу гэдэгт байр суурьтай явдаг вэ?

-Хамгийн муу шийдвэр бол гараагүй шийдвэр. Тэгэхээр Оюутолгойн гэрээг сайжруулах талд л ажиллах ёстой. Энд яриад байгаа шиг Рио тинто тийм ч бүдүүлэг байгаагүй ээ. Түрэмгий хандлага байгаагүй. Бидний хооронд соёлтой харилцаа байсан. Бидний зүгээс зөвшилцлийн зарчмаар асуудлаа шийдэх тухай байр суурийг л баримталдаг байсан.

-Та нарын энэ байр суурийг хүлээж авдаг байсан уу?

-Хүлээн авч байсан тал бий. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж олонхоороо татгалзаж байсан үе ч бий.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай