“Silk Way Star” Азийн олон улсын уралдаанд Монгол Улсаас дуучин Ч.Мишээл оролцож, 12 орны шилдэг дуучидтай өрсөлдөн, Гран при шагнал хүртсэн билээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зууны манлай дуучин, поп дива Б.Сарантуяа:
-Миний хувьд энэ тэмцээний шүүгчээр санамсаргүй сонгогдсон. Магадгүй орос хэлээр чөлөөтэй мэтгэлцдэг, Казахстантай холбоотой уран бүтээлийн түүхтэй маань холбоотой байх. Би 1993 онд “Азийн дуу хоолой” тэмцээнд оролцож, гран при шагнал хүртэж байсан. Түүнээс хойш 32 жилийн дараа манай улсаас Ч.Мишээл энэ амжилтыг давтсанд маш их баяртай байна. Алматы хотод очиход “Түүх давтагдаж байна” гэж өөрийн эрхгүй бодогдсон.
Монгол, казах ард түмэн соёл иргэншил, уул усны бэлгэдлээрээ холбогддог учраас Мишээлийг казах ард түмэн чин сэтгэлээсээ дэмжсэн. Оролцож буй улсынхаа хэл дээр төгс дуулах нь маш өндөр шалгуур байдаг. Энэ шалгуурыг Ч.Мишээл бүрэн хангаж чадсан. “Silk Way Star” тэмцээнд оролцохдоо казах хэл сурах юм байна даа гэж боддогдсон. Би 2012 онд казах ард түмэнд талархлаа илэрхийлж, Алматы хотод тоглолт хийж байсан. Хүн гэдэг талархаж сурах ёстой. Казах ард түмэн, уул ус нь ивээж, манай залуу дуучныг од болгосонд чин сэтгэлээсээ баяртай байна.
БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакынов:
-Энэ тэмцээнд гран при шагнал авсан Ч.Мишээлд баяр хүргэе. Бидний хувьд Казахстан оролцсонд маш том амжилт боллоо. Мишээлийг дэмжиж байлаа. Нүүдэлчдийн дуу хоолойг Төв Азид хүргэсэн том амжилт. Монгол, Казахстан улс 2 стратегийн хамтын үйл ажиллагаатай анд нөхөр улс юм.
ГХЯ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Р.Нямдаваа:
-Манай хоёр улс өнгөрсөн оноос эхлэн, стратегийн түвшинд харилцаагаа өргөжүүлж байна. Олон нийтийн, тэр дундаа соёлын дипломат харилцаа нь ард иргэдийн хоорондын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсанд чин сэтгэлээсээ баярлалаа.

