Монголд 2011 онд амиа алдсан Филиппин улсын иргэний гэр бүлийнхэн өчигдөр /2025/12/15/ манай улсад ирлээ.
Тодруулбал, “Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд ирж хэргийг дахин шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байгаа юм.
Тухайн хэрэг 2011 онд гарсан бөгөөд “Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат гэрт нь ирсэн Филиппин үйлчлэгч эмэгтэйг цалингүй ажиллуулж, дарамталсан, амь насыг нь хохироосон талаар сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материал” нэвтрүүлэгтээ дурджээ.
Улмаар Сэтгүүлч С.Будрагчаа Филиппин улсад очиж Террил Атиенза агсны гэр бүлийнхэнтэй уулзан, “Боолчлол” нэртэй нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээсэн билээ. Үүний дараа Монголын ард түмнээс хандив цуглуулж, Террил Атиензагийн гэр бүлийнхнийг Монголд авчрахаар болсон юм. Тэгвэл хандиваар 60 орчим сая төгрөг цугларч, Террил Атиенза агсны хоёр охин болон нөхөр нь өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
Террил Атиенза агсны нөхөр Нило Атиенза “Миний эхнэр энд ажиллах гэж ирсэн. Гэвч ажилд авсан хүн нь амийг нь хороосон. Тэр бидэнд хэлэхдээ нойрсуулах эм ууж амиа хорлосон гэж хэлсэн. Би үүнд огт итгэхгүй байгаа. Учир нь манай гэр бүлд амиа хорлох хэмжээний асуудал огт байгаагүй. Тэгээд Филиппин рүү эхнэрийнхээ биеийг буцааж авахыг хүссэн. Бид түүний биеийг онгоцны буудлаас аваад шууд оршуулахаар явсан. Тухайн үед биеийг нь харахад маш хүнд шархтай байсан. Бид энэ бол яасан ч амиа хорлолт биш гэж бодсон.
Надад амрах ямар ч эрх байгаагүй. Би гүн сэтгэл зүйн хямралд орж бас маш их ажилласны улмаас цусаар бөөлжитлөө ханиалгадаг байсан. Би хүүхдүүдийнхээ төлөө хичээх хэрэгтэй байсан. Хэзээ ч түүнийг мартаж чадахгүй. Гэхдээ би хүүхдүүдийнхээ өмнө хүчтэй байхын тулд шантарч чаддаггүй байсан. Би эхнэрийнхээ зүрхийг олж чадвал миний сэтгэл амарна.
Харь орноос ирсэн танихгүй хүмүүс ч гэсэн биднийг тосож авч тусалж байгаа та бүхэнд баярлалаа. Бид энд мөнгөний төлөө ирээгүй, үнэний төлөө ирсэн. Миний эхнэрийг яг л амьтан шиг үзэж зүрх, биеийн эрхтнүүдийг нь авсан байсан. Монголын Засгийн газар энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж, бидэнд тусална гэдэгт найдаж байна. Бид тун хүнд, ядуу амьдралтай тул энэ бүхнийг та нарын тусламжгүй хийж чадахгүй байлаа” гэсэн юм.
Харин тус хэргийн талаар өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил хүртэл байдаг. Энэ гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард гарсан. Улмаар прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан. Бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүн худалдаалах гэмт хэрэг, хүн амь насаа алдсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой хуурамч нотлох баримт цуглуулсан, бүрдүүлсэн, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг байх магадлалтай.
Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн тухайн хэргийг хааж шийдвэрлэсэн хэргийн материал тогтоолтой танилцах эрхтэй. Хуульчдын зүгээс эхний ээлжид хэргийн материалтай танилцаад дараагийн гомдол хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаад явна. Хамгийн эхэнд ар гэрийн зүгээс ямар хүсэл зоригтой байгааг харгалзаж үзэх нь зүйтэй” гэв.
Террил Атиенза агсны охин хэвлэлийнхэнд ярихдаа 14 жилийн турш бид хоосон ядуу амьдарсан. Ээжийгээ бид хүний ёсоор оршуулахыг хүсэж улстөрчдөөс тусламж гуйсан. Харамсалтай нь бид булшны зардлыг одоо болтол төлж байгаа, ямар хатуу хувь заяа вэ. Ээжээсээ хойш би гэр бүлээ тэжээх хэрэгтэй болж 16 наснаасаа эхлэн ажил хийж эхэлсэн. Бүх цаг үед гурван дүүгээ тэжээхийн төлөө амьдарсан. Биднийг хэн ч харж үзээгүй, бид ээжгүй үлдсэн өнчин хүмүүс болж үлдсэн. Сингапурын ажил зуулчилдаг агентлаг хүний наймааг дэмжиж ээжийг минь ямар ч визгүй Монгол руу явуулсан. Миний ээж Монголд ганцаараа байхдаа амиа алдсан. Би ч бас энд буухаасаа өмнө их айсан.
Учир нь ээж минь энд ирээд эргэж очоогүй учраас тэр. Гэхдээ би ганцаараа ирээгүй учраас айхгүй байна. Надад сайхан сэтгэлтэй монголчууд аав, дүү минь хамт байна. Ээж минь хамгийн сүүлд надтай утсаар ярихдаа “Та нарыгаа маш их санаж байна, удахгүй очно” гэж амласан. Гэвч түүний цогцос бидэн дээр ирсэн. Бидэнд “Ээж чинь амиа хорлосон эсвэл гүн хордлогод орсон” гэж хэлсэн. Харин Филиппины шинжээчид “Түүний биед маш хүнд сорив, ул мөр үлдсэн” гэж хэлсэн. Мөн түүний зүрх байхгүй байсан. Өнөөдрөөс 14 жилийн өмнө бид хоёр дахь задлан шинжилгээ хийлгэсэн. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд задлан шинжилгээ хийхэд түүний бие маш их хөхрөлт, сорвитой байсан нь тогтоогдсон” гэлээ.


