Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороолол орчмын хуучны 9 давхар орон сууцуудын хог хаядаг хэсгийг бүргэд хаалгаар таглажээ. Үүний учрыг сурвалжиллаа.
1-р байрны орцоор орвол давхарт бүрд хар ууттай, цаасан хайрцагтай хог хөглөрнө. Учир нь давхар бүрийн хогны бункерыг бүргэд хаалгаар тагласан байв.
Энэ талаар оршин суугчдын төлөөлөл…
“1-р байрны 4-р орцны 6-р давхрын хогны бункерыг таглаж, хаалга хийсэн. Дотор нь амьдрах гээд байгаа юм уу, эсвэл эд хогшлоо хийх нь үү. Ямартай ч нийтийн эзэмшлийг ингэж ашиглаж болохгүй. Саяхан хаалгатай болгосон. Яагаад хаасан талаар мэдээлэл алга. Айлуудад мэдэгдээгүй. Нэг өглөө босоод ирэхэд хог хаядаг хэсгийг хаачихсан байсан.
1-р байрны 11-р орцны 8-р давхрын хогны бүнкерийг мөн тагласан. Үүнээс болж 7, 8, 9-р давхрын айлууд хог хаях газаргүй болсон. Айлуудын хог орцонд хөглөрч, муухай үнэртэх боллоо. Бүнкер байрлах хэсгийн талбайг зарсан гэх мэдээлэл ч бий. Авсан айл нь тэнд хана өрж, хаалга хийгээд, эд хогшлоо хураах гэж байгаа сурагтай” гэлээ.
Оршин суугчид 9 давхар орон сууцуудын давхар бүрт байрлах хог хаядаг хэсгийг зарсан хэмээн ярьсан бол СӨХ “Хуучин 9 давхар байруудад гал их гарч байгаа тул хог хаядаг хэсгийг таглахаас өөр аргагүй болсон” хэмээн мэдэгдээд буй.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гал унтраах ангид 11-р хороолол орчимд хуучны 9 давхар байруудад гал гарсан гэх дуудлага олон ирдэг байна. 11-р хорооллыг “Алтан-Өргөө” СӨХ хариуцдаг. 1-5-р байранд сард 1-2 удаа гал гардаг байна. Учир нь хүмүүс тамхиа орцондоо татдаг. Татсан тамхиныхаа ишийг хог хаях хоолойд хаяснаар хог шатаж, гал алдах нь ихэсжээ.
“Алтан -Өргөө” СӨХ-ны төлөөлөл…
3-р байранд 10-р сард том хэмжээний гал гарч, 1-2 айл шатсан. Галын шалтгаан нь орцонд байдаг хогны бункерт татсан тамхиныхаа ишийг унтраалгүй хаяснаас үүдэлтэй байсан.
Иймд тухайн давхрын айлууд хоорондоо ярилцаж, хогны бүнкерийн амыг таглаж, хаалга хийсэн. Үүнийг хэн нэгэн хувьдаа эд хогшлоо хийх, агуулах байдлаар ашиглах боломжгүй. Нэг давхарт байрлах 4 айл хоорондоо зөвшилцөж, хогны бүнкерээ тагласан. Хогоо хаяхдаа өөрсдөө хаалгаа онгойлгож орно. Түлхүүрээ хувилж авцгаасан. Магадгүй тэд хоорондоо тохиролцож, тухайн хэсгийг хэн нэгэндээ агуулах байдлаар ашиглуулахыг зөвшөөрсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ бол СӨХ-ны мэдэх асуудал биш. Оршин суугчид хоорондоо зохицож, ийм шийдвэрт хүрсэн. СӨХ нэг ч төгрөг аваагүй” гэлээ.

