УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр Бэрхийн уурхайн нэр бүхий 112 ажилчны өргөдлийг хэлэлцэв. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэхгүй 3 жил болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уурхайчид хүссэн байна. Уг өргөдлийг судалж, холбогдох санал танилцуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нарт хуваарилсан аж.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа:
-Бэрхийн уурхайчдыг төлөөлөн “Асар их хүч” төвийн тэргүүн, иргэн Д.Алтангэрэл Засгийн газраас уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4,790,480,334 төгрөг гаргах асуудлаар өргөдөл, гомдол гаргасны дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулсан. 2013 онд байгуулсан ажлын хэсэг нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргажээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015.09.18-ны 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн ч тухайн үеийн Засгийн газар шийдээгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022.05.26-нд №0404 тоот шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Шүүхийн 2022.08.25-ны 0570 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэр биелэхгүй 3 жил гаруй болж байна.
Бэрхийн уурхайн үйл ажиллагаа 1954 онд эхэлж, 1999 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, “Бэрх-Уул” ТӨҮГ, Засгийн газрын 2001 оны 442 дугаар тогтоолоор “Бэрх-Уул” ХК болсон. Уурхайг 2005 онд хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн.
Бэрхийн уурхайчид “Юдентакс Тин-Аудит” ХХК-иар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, “Итгэлцүүр шинэчлэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн, нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд хоёр удаа олгох 7,032,820,405 (долоон тэрбум гучин хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун таван) төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргуулсан байна. УИХ-ын гишүүд холбогдох талуудтай уулзалт зохион байгуулж, тодорхой тайлбар, мэдээлэл авсан. Өргөдлийг судлан үзээд өргөдөл гаргагчийн хүсэлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа тул дараах саналыг гаргалаа. Үүнд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын хуралдааны дараалалд оруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, Засгийн газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж, Монгол Улсын 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар Өргөдлийн байнгын хорооноос албан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд нэр бүхий 112 иргэнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн Д.Алтангэрэл оролцож, өргөдлийнхөө талаар үг хэллээ.
Иргэн Д.Алтангэрэл:
-Асуудлын талаарх танилцуулга эхнээсээ ташаа явж ирсэн учраас энэ асуудал 3 жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Төрийн албан хаагчдын буруу тайлбар, танилцуулгаас болж иргэд их хохирдог юм байна. Бэрхийн уурхайг татан буугдсан, дампуурсан мэт танилцуулсан. Ийм зүйл байхгүй. Эрх зүйн актгүй учраас нотлогдохгүй зүйл. Хариуцах эзэнгүй гэдэг нь худал. Бэрхийн уурхайг төрийн өмчид харьяалалтай байх үеийн хохирлоо нөхөн төлүүлэх асуудал хөндөж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуультай холбогдох нөхөн төлбөр олгох зохицуулалтад хамаарна.
Надад анх 290 хүн нотлох баримт, итгэмжлэлээ өгч хандсан. Энэ хүмүүс хуульд заасан нөхөн төлбөрөө авах эрхтэй эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бичгээр хандахад, тус газрын дүгнэлтээр эдгээр иргэд хоёр удаагийн нөхөн төлбөр авах эрхтэй гэж дүгнэсэн. Би 2008 онд холбогдох газруудад уг бичгийг нь үзүүлж явахад, ерөөсөө авч хэлэлцээгүй.
Захиргааны хэргийн шүүх Төрийн өмчийн хорооны даргад “Бэрхийн уурхайд ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сараар тасалбар болгож, өмнө нь мөрдөж байсан журмын дагуу “Монголросцветмет” нэгдлийн хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлсүгэй” гэж даалгасан байдаг. Улмаар шүүх уг асуудлыг “эс үйлдэхүй” гэсэн дүгнэлт шийдвэр гаргасан.
Засгийн газрын төлөөлөл:
-Хэдийгээр хариуцагч тал нь Засгийн газар боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв батлагдаагүйтэй холбоотой. Тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн ч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас хойшилсон.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг:
-Бид хууль батлаад л байдаг. Хэрэгжихгүй, цаасан дээр үлддэг бол баталсны хэрэг байхгүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ирэх хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын хяналт, шалгалтыг түлхүү явуулна. Төсвийн санхүүжилтгүй гэсэн шалтгаан хэр оновчтой эсэх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт хангалтгүй, муу байна. Шүүхийн шийдвэр биелэхгүй олон жилээр сунжирдаг нь иргэдийг чирэгдүүлж, давхар хохироодог байдал үүссэнийг анхааралдаа авна.
Байнгын хороо Бэрхийн уурхайтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нараас гаргасан саналд үндэслэн яаралтай шийдвэрлүүлэх тухай дүгнэлт танилцуулахаар боллоо.

