Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад байна. Эдгээр нам 610.450 гишүүнтэй. Монгол Улсын 6 хүний 1 нь ямар нэг намын гишүүн гэсэн үг. Хүүхдүүдээ хасвал манай улс 18 нас хүрсэн 2.2 сая хүнтэй. Тэдний маань 4 хүний 1 нь намын гишүүн. Тэгэхээр монголчууд улстөржих нь арга ч үгүй юм даа. Улс төр олны анхаарлын төвд байж, Төрийн ордноос эхлээд, хонины хотонд ч улстөржиж байдаг болохоор “Нараа даавал даарахгүй, малаа дагавал өлсөхгүй” гэсэн хэлц үг “Намаа дагавал өлсөхгүй” гэж социализмын үед солигдоод, одоо ч амь бөхтэй оршиж байна.

Бүртгэлтэй намуудаас 28 нь өнгөрсөн жилийн тайлангаа СЕХ-нд ирүүлжээ. Үүнээс 15 нь үйл ажиллагаа явуулсан бол 13 нь үйл ажиллагаа явуулаагүй аж.

2024 онд үйл ажиллагаа явуулсан намууд

(СЕХ-нд тайлангаа өгсөн дарааллаар)

Ард түмний олонхын засаглал нам

АН

Монголын үндэсний ардчилсан нам

МАН

Монголын ногоон нам

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

ИХ нам

ХҮН

Эрх чөлөөний эвсэл нам

ШИНЭ нам

Иргэдийн оролцооны нэгдэл нам

ИЗНН

Үнэн ба зөв нам

Монголын социал демократ нам

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам

37 намаас 15 нь үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тун хангалтгүй үзүүлэлт. МАН дангаар дэндүү олон жил засаглаж, бусад намдаа ямар ч боломж олголгүй байсаар нүд аниулж байгааг үүнээс харж болно. Өрсөлдөөнд хэн нэг нь, хэсэг бусаг нь ялж, бусад нь ялагдах нь байх л зүйл.

Гэхдээ улс төрийн намуудын өрсөлдөөн анхнаасаа тийм ч шударга байж чадсангүй. Хэн нь сайхан амлаж, хэн нь их мөнгө тараан, санал худалдаж авсан, арга заль хэрэглэсэн нь илүү санал цуглуулсаар ирлээ. Хүч тэнцвэргүй ийм өрсөлдөөн Монголд сайн юм авчрахгүйг бүгд л мэдэж байгаа. Гэтэл манай улсад ардчиллыг бэхжүүлэх үүрэгтэй гол инститүц нь нам.

Үүнийг засахын тулд бага ч болов ажил хийж байгаагийн нэг нь намууд санхүүгийн тайлан гаргадаг, түүнийгээ СЕХ-нд хүргүүлдэг, олон нийтэд танилцуулдаг болж байгаа явдал юм. Хамгийн гол нь ингэж ил тод ажиллахгүй бол хүлээлгэх хариуцлага тодорхой, чанга болж байна. Өмнө нь ч намууд тайлангаа ил тод тайлагнах үүрэгтэй байсан ч биелүүлж байсангүй. Харин 2025.01.01-нээс Улс төрийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуух тайланг 2026.01.01-нээс намууд анх удаа өгнө. Тэр болтол сурсан зангаа зарим нам тавьсангүй. 2024 оны санхүүгийн тайлангаа 9 нам СЕХ-нд хүргүүлээгүй байна.

Санхүүгийн тайлангаа СЕХ-нд хүргүүлээгүй намууд

Монголын лебарал нам

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам

Хамуг Монголын хөдөлмөрийн нам

Монгол консерватив нам

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам

Монголын хүний төлөө нам

Монгол шинэчлэлт нам

Зүй ёс нам

Ардчилал шинэчлэлийн нам

Намууд ноднин, УИХ-ын сонгуультай жилд хэрхэн ажилласныг харцгаая. Бусдаас авлагатай нам 3 байна. МАН 880 сая, АН 25 сая, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 1 сая, Эх орон нам 115 мянган төгрөгийн авлагатай. Өртэй 10 нам байна. 2.7 тэрбум төгрийн өрөөрөө МАН тэргүүлжээ.

Намууд гишүүдээсээ 2.3 тэрбум төгрөгийн татвар авсан бол сонгуульт гишүүдээсээ 5.8 тэрбум төгрөг цуглуулжээ. Гишүүний татвараар хамгийн их мөнгө босгодог нь АН аж. Тус нам 5.4 тэрбумыг, МАН 2.3 тэрбумыг гишүүдээсээ авчээ.

58 аж ахуйн нэгжээс авсан хандиваар ХҮН толгой цохив

Харин өөрийн хөрөнгөөс олсон орлогоороо МАН бусдыгаа хол хаяна. Хур их хөрөнгөтэй тус нам 4.6 тэрбум төгрөг олсон бол АН 44 сая, ИЗНН 24 сая төгрөгийн орлого олжээ. Үйл ажиллагаа явуулсан 15 намын орлого нийлээд 19.5 тэрбум төгрөг болж байна. Эдгээр намаас 12 нь иргэн, хуулийн этгээдээс нийт 4.6 тэрбум төгрөгийн хандив авчээ. Сонирхолтой нь хамгийн их мөнгөн хандивыг ХҮН авсан байх юм. 2.9 тэрбум төгрөгийн хандивынх нь 1.9 тэрбум нь сонгуулийн гэсэн тодотголтой. Гэтэл МАН, АН-д сонгуулийн зориулалттай хандив алга. Авсан байлаа ч түүнийгээ тайлагнасангүй.

Хуулийн этгээдүүд МАН-д 28 сая, АН-д 11.9 сая, Монголын ногоон намд 12 сая, Монголын социал демократ намд 7 сая, ХҮН-д 500 сая төгрөг хандивлажээ. 58 аж ахуйн нэгжээс авсан хандиваар ХҮН толгой цохив. Үүн шиг олон компаниас хандив босгосон нам алга. МАН 5, АН 2, ИХ нам 12, МСДН 1, МНН 1 компаниас хандив авсан байна. Иргэдээс авсан хандиваараа аанай л ХҮН тэргүүллээ. 128 хүн 482 сая төгрөг тус намд өгчээ. ХҮН шиг тэрбумаар тоологдох хандив авсан нам байсангүй. Эдний 2.9 тэрбумын хандивын араас 600 сая төгрөгийн хандиваар ИЗНН удааллаа.

- Шинэ
- Хандалттай