horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Хуванцар савны таглаа, хүнсний хаягдал тосоор бүтээгдэхүүн хийж байна

post-img

Ноос, ноолуурын салбарын хог хаягдлын менежментийг сайжруулах “Нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн хог хаягдал менежментийн туршлага” сэдэвт арга хэмжээг “Өнгө нэм” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Энэ талаар “Өнгө нэм” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай төрийн бус байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгжүүд болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн хооронд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Манайх нэг талаас хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлаа ангилан ялгах, цуглуулах үйл явцыг нь зохион байгуулдаг. Нөгөө талаас ангилан цуглуулсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар хоёр талын уялдаа холбоог хангах үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. 5 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Ноос, ноолуурын үйлдвэрлэл ямар онцлогтой вэ. Энэ салбараас ямар төрлийн хог хаягдал үүсдэг вэ?

-Ноос, ноолуурын үйлдвэр хаягдал маш багатай. Тухайлбал: Хэрэглэсэн ноос, ноолууран хувцсыг задлан хөвж, загварыг нь өөрчлөөд, дахин ашиглаж болдог. Ийм давуу талтай. Бид түлхүү ахуйн хаягдал дээр нь ажилласан. Үйлдвэрлэлийн салбарт хог хаягдлын менежментийг нэвтрүүлэхэд маш хялбар байдаг. Хүмүүс нь хурдан хүлээн авч, хогоо ангилдаг. Оффист ажилладаг хүмүүсийг хогоо сайн ангилдаг байх гэж хүмүүс боддог шүү дээ. Гэтэл үйлдвэрийнхэн хогоо илүү сайн ангилдаг.

-Танай төслийн үр дүн ямар байв?

-Төслийн хүрээнд ахуйн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, цуглуулан, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх зорилгоор ажиллалаа. Дотоодын ноос, ноолуурын салбараас “Говь-Эрдэнэ кашмер”, “Ханбогд кашмер”, “Гоёл кашмер”, “Монгол нэхмэл”, “Бүүвэй кашмер” гээд таван онцлог компанийг сонгон авч, хог хаягдлын менежментийн жишиг загвар болгосон нь төслийн гол үр дүн байлаа.

-Төслийн үр дүнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-“Гоёл кашмер” компани хүнсний хог хаягдлаа өөрсдийн боломжоор боловсруулж, бордоо болгон, харилцагчдадаа өгсөн байсан. Манай байгууллага уг ажлыг илүү системтэй, жигд менежменттэй болгоход дэмжлэг үзүүлсэн. Оффис, цайны газруудад хог ангилан ялгах менежмент нэвтрүүлсэн. Очиж үзэхэд хог хаягдлыг зориулалтын саванд зөв ангилан хаядаг болсон байна. Ингэснээр хог хаягдал багассан. ТҮК-иар ачуулах хог хаягдлын хэмжээ багассан. 7 хоногт хоёр удаа ачуулдаг байсан газар хогоо ангилснаар 7 хоногт нэг ачуулдаг болсон.

-Зорилго нь юу байв?

-Ноос, ноолуурын үйлдвэрүүд хог хаягдлын менежментийг өөрсдийн хэмжээнд нэвтрүүлээд эхэлсэн. Бид тэрхүү менежментэд нь мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, тусламж үзүүлэн, жигдрүүлж өгсөн. Манай хамгийн чухал зорилго бол хог хаягдлыг ангилан ялгах дадал суулгаж, байгууллагын соёл болгох явдал байлаа. Удирдлага нь үүнийг бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр ажилтнууд заавал мөрдөж, өдөр тутмын дадал болгосон. Ажил дээрээ хогоо ангилан ялгаж сурсан хүн гэртээ ч мөн адил ангилж хэвшдэг. Ангилаагүй хог хаягдлыг харахад тухгүй санагддаг болдог.

Цаашдын төлөвлөгөө?

-Бид одоо иргэд, олон нийтэд нэгдсэн мэдлэг, ойлголт өгөх кампанит ажил хийх гэж байгаа. “Централ” телевизтэй хамтраад “Тэг хог хаягдал” гэдэг нэвтрүүлэг 2024 онд хийж байсан. Ирэх онд бид хүмүүсийг эерэг үйлдэлд уриалах нэвтрүүлэг хийхээр ажиллаж байна. Тэр нэвтрүүлгийн эхний дугаарт цэвэр ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг оруулахаар болсон.

-Хог хаягдлаа ашиглаад, жишээ нь ундааны савны таглаагаар бүтээгдэхүүн хийсэн байна. Энэ маягаар өөр ямар зүйл хийж байна вэ?

-“Нэг тонн гялгар уут-Нэг айлын нүхэн жорлонгийн кольцо” гэдэг төсөл кашмерын компаниуд дээр хэрэгжүүлж эхэлж байна. Үйлдвэрээс гарч байгаа гялгар уутыг цуглуулж, “Пластик центр”-т өгч, пластик кольцо танк аваад нэг айлынхаа жорлонгийн асуудлыг шийдвэрлэж байна. Ус, ундааны хуванцар савны таг, HDPE гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савнуудаа цуглуулаад, INMO үйлдвэрт өгнө. Уг үйлдвэрээс оронд нь бүтээгдэхүүн авна. Үүнээс гадна хүнсний хаягдал тосоо савангийн үйлдвэрт өгөн, оронд нь саван авч, ахуйн цэвэрлэгээндээ ашиглаж байна. Энэ мэт саналыг үйлдвэрүүд хэрэгжүүлээд явж байна.

-Иргэд энэ тал дээр ер нь яавал болох вэ? Айлууд хог хаягдлаа ангилалгүй хаядаг. Хогоо ангилж хаясан ч ТҮК ачихдаа нийлүүлээд аваад явдаг шүү дээ.

-Манай улсын хог хаягдлын менежмент яаж явдаг вэ гэхээр, хогны машины жолооч нар хамгийн түрүүнд ангилдаг. Дараа нь хогны цэгээс хог түүгч нар ангилдаг. Тэгэхээр “Манайх хог ангилан хаях савгүй” гэж гомдоллохоос өмнө зүгээр л хогоо хуванцар, цаас, төмөр гэх мэтээр ялгаад, тус тусад нь уутанд хийчих. Тэр ангилсан хогийг чинь хог түүгч эсвэл, хогны машины жолооч авч яван, хоёрдогч түүхий эдийн цэгт тушаана. Тэндээс дахин боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй түүхий эдээ татаж авдаг.

0/1000