horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох НҮБ-ын тогтоол батлууллаа

post-img

Катар Улсын Доха хотод 12 дугаар сарын 15-19-нд зохион Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурал боллоо. Монгол Улс, Албани, Гана, Норвеги улсын хамтран санаачилсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг 19-ний өдөр нийтийн зөвшилцлөөр буюу конвенцын нийт 192 гишүүн орны дэмжлэгийг авч батлууллаа. Тогтоолыг батлуулахад 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгдэв.

Энэхүү тогтоол нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хөндсөн анхны НҮБ-ын тогтоол болж буйгаараа онцгой ач холбогдолтой бөгөөд уг тогтоолоор “иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээх конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд бататгасан нь онцлог болов.

Бага хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тогтоол батлагдсаны дараагаар хамтран зохиогч улс орнуудыг төлөөлөн нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ өөр өөр тив, эрх зүйн уламжлал, улс төрийн тогтолцоог төлөөлсөн улс орнууд хамтран уг тогтоолыг санаачлан батлуулсан нь Оролцогч талуудын нягт хамтын ажиллагаа ямар ч төвөгтэй асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэх боломжтойг харуулсан, олон талт хамтын ажиллагааны бодит жишээ болж буйг онцлон тэмдэглэж, Монгол Улс цаашид тогтоолын үр нөлөөтэй хэрэгжилтийг хангахын төлөө улс орнууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Уг тогтоолыг санаачлан батлуулах нь Монгол Улсын Засгийн газраас нийгэмд шудрага ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индекст нөлөөлж буй хүчин зүйлстэй холбоотойгоор “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажил юм.

Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг хангах чухал шалгуур болдог.

Монгол Улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дотоодын хууль эрх зүйн болон институцийн шинэчлэлийг олон улсын түвшинд дэмжих, цаашид хэрэгжилтийг хангахад НҮБ болон холбогдох олон улсын байгууллагын техникийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлнэ.

0/1000