Баян-Өлгий аймгийн Толбо сумын засаг даргаар ажиллаж байхдаа Н.Е тус сумын ЗДТГ-ын дарга М.Х-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлжээ. Түүний уг захирамжийг Төрийн албаны зөвлөл 2021 онд 93 дугаар тогтоолоор хүчингүй болгож, М.Х-г өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гарган, Толбо сумын засаг даргад хүргүүлсэн байна. Гэвч Е уг шийдвэрийг биелүүлсэнгүй.
Түүнийг засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Д 2022.04.22-нд захирамж гарган, М.Х-г өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь томилжээ.
М.Х ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 20 сая төгрөг Төрийн сангаас авсан аж. Н.Е, Х.Д нар ТАЗ-ийн шийдвэрийн дагуу уг хүнийг ажилд нь шууд буцаан авалгүй, эс үйлдэхүй гаргаснаар төрд 20 сая төгрөгийн хохирол учирсан байна. Иймд ТАЗ тэднээс уг 20 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ. Гэтэл Н.Е “Төрийн албаны зөвлөлөөс М.Х-г ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль бус. Нэхэмжлэгч төрд учруулсан хохирлыг бодитоор тогтоогоогүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бол Х.Д “Уг хууль бус захирамжийг би гаргаагүй. Хохирлын зарим хэсгийг надаар төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
ТАЗ-ийн уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэлэлцээд, Толбо сумын засаг даргаар ажиллаж байхдаа Н.Е хууль бус шийдвэр гаргаж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэлгүй эс үйлдэхүй гаргасан. Хамтран хариуцагч Х.Д нь 2021 оны 8-р сараас 2022 оны 4 сарын 22 хүртэлх хугацаанд М.Х-г ажил томилох боломжтой байхад томилохгүй эс үйлдэхүй гаргасан. Иймд Иргэний хуулийн 498.2, 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т зааснаар хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Үүнийг Е, Д нар эсэргүүцэн, давж заалджээ. Гэсэн ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. Иймд Е, Д нар УДШ-д хандсан байна.
УДШ 2025.12.19-нд тус маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 103.1 болон Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн шийдвэрлэв. Анхан болон давж заалдах шатны шүүх “Хариуцагч Н.Е нь М.Х-г албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн. Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу 2021.08.12 хүртэл түүнийг ажилд томилохоос татгалзсан. Хамтран хариуцагч Т.Д нь 2021.08.12-ноос 2022.04.22 хүртэл М.Х-г албан тушаалд нь томилохоос татгалзсан. Эс үйлдэхүйгээрээ гэм буруутай байх тул төрд учирсан хохирлыг тэднээр хувааж төлүүлэх нь зүйтэй” хэмээн өмнөх 2 шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээлээ.

