Манай улс 2021 онд 2.4 тонн электрон тамхины шингэн оруулж ирсэн бол 2023 онд 20 тонн болж нэмэгджээ. Үүнээс үзвэл электрон тамхи татдаг хүний тоо 2 жилийн дотор 8.3 дахин нэмэгдсэн байна.
ЭМЯ-наас хийсэн үндэсний тандалтын шаталсан судалгаа (СТЕПС)-гаар Монгол Улсын 4 хүний 1 нь электрон тамхи татаж байна. 2023 онд сургуулийн насны хүүхдүүдэд хийсэн зан үйлийн судалгаагаар 13-17 насны 5 хүүхдийн 1 нь тамхи татаж үзсэн, 4 хүүхдийн 1 нь электрон тамхи татаж үзсэн байв.
Судлаачид, хууль тогтоогч, эмч нарын анхаарлыг тамхи үйлдвэрлэгчдийн арга татаж буй аж. Тамхи үйлдвэрлэгчид тамхины хэлбэр, өнгө, үнэр, амтыг өөрчлөх замаар хүмүүсийг тамхинд оруулж, никотинд донтуулж байна. Үүнийг НЭМҮТ-ийн захирал, доктор Л.Баттөр туршилт гэж анхааруулсан юм. Тамхийг яавал хүмүүс хэрэглэх вэ, яаж өөрчилбөл залуучууд сонирхох бол гэж үйлдвэрлэгчид туршиж, тамхины хор хөнөөлийг өнгө, амт, үнэр, хэлбэр, дүрсээр далдалж буйг тэрээр Тамхины хяналтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг дээр сэрэмжлүүллээ.
Хүмүүс хичээлийн, хурлын танхим, нийтийн тээвэр, ажлын байр гээд дуртай газраа электрон тамхи татах болсон. Утаат тамхи татвал үнэрээр нь мэддэг бол янз бүрийн амт, үнэрээр нуусан электрон тамхины үнэрийг мэдэхгүй гэж бодон, хүмүүс дуртай газартаа, хүссэн үедээ татаж байна. Гэтэл өрөөний агаарт тэр утаа, хор нь байж л байгаа. Тиймээс электрон тамхийг ч гадаа гарч татахыг шаардах хэрэгтэй ажээ.
Тамхины хяналтын тухай хуульд тамхинд амт, үнэр, өнгө оруулахыг бүрэн хориглох заалт оруулж байгаа юм байна. Тамхин бүтээгдэхүүн гэдэг тодорхойлолтод утаат, электрон гээд бүх тамхийг оруулжээ. Энэ нь эл хуулийн давуу тал юм байна.

