Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Гэвч энэ нь 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байгаа юм.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 7 см-ээр нэмэгдсэн талаар мэдээллээ.
12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмсэн байна.

Завхан аймгийн хувьд газар нутгийн 4 хувь нь цасгүй, 96 хувь нь цастай бол Өвөрхангай аймгийн 17 аувь цасгүй, 83 хувь нь цастай байгаа юм байна. Харин говийн аймгуудын нутгаас хамгийн их цасан бүрхүүл тогтсон аймаг Өмнөговь. Нутгийн 43 хувь нь цасан бүрхүүлтэй байгааг гаргажээ. Сүхбаатарын 74, Сэлэнгийн 84, Орхоны 74, Хөвсгөлийн 63 хувь цастай.


