Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2025 оны IV улирлын хурал 12 дугаар сарын 12-нд болов. Уг хурлаар нийт 12 сайтад хаягласан 1 гомдол хэлэлцлээ.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар 2025 оны 6 дугаар сарын 22-нд нэгэн мэдэгдэл хийсэн. Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Золжаргал болон түүний төрсөн дүү Ж.Азжаргал нар Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд улсын төсвөөс ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөг авч зарцуулсан боловч үйлдвэр баригдаагүй, зөвхөн шороо овоолсон байдалтай үлдсэн тул Авлигатай тэмцэх газарт мэдэгдэн шалгуулна” гэсэн байна.
Үүний дараагаар 2025 оны 6 дугаар сарын 22-26-нд “УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл”-ийн зөвхөн урьдчилгаа төлбөрт 1 тэрбум 740 сая төгрөг, нийт 52 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ” гэх агуулгатай постер мэдээллүүдийг нэр бүхий 12 сайт болон тэдгээрийн албан албан ёсны цахим хуудсаараа түгээжээ. Тодруулбал, мэдээллийг tur.mn, tsahiur.mn, medee.mn, focus.mn, zarig.mn, tovch.mn, 24tsag.mn, livetv.mn, asu.mn, eguur.mn болон бусад хоёр сайт нийтэлсэн байна.
Гомдол гаргагч эдгээр мэдээллүүд нь баримт нотолгоогүй, үнэн бодит байдалд нийцээгүй, худал мэдээлэл бөгөөд дээрх сайтууд зориудаар буюу олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор хотын даргын хэлсэн агуулгыг эш таталгүйгээр тараасанд гомдолтой байна гэжээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийн өгсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр нэг цаг хугацаанд түгээсэн нь зохион байгуулалттай, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн гүтгэлгийн шинжтэй үйлдэл хэмээн буруутгасан. Энэхүү үйлдлээрээ дээр нэр дурьдагдсан сайтууд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс холбогдогч редакцуудад хариу тайлбар хүсэх албан бичгийг 10 дугаар сарын 8-нд илгээсэн бөгөөд 6 редакцаас хариу тайлбар ирсэн. Улмаар 3 редакц ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргахаа мэдэгдсэн бол focus.mn, tovch.mn, eguur.mn сайтын редакц зөрчил гаргаагүй хэмээн үзсэн байна.
Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд tovch.mn сайт мэдээллийн гол эх сурвалж болох нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын хэлсэн үгийг эш татсанаа мэдээлэл болон бэлтгэсэн постертоо тодорхой тэмдэглэсэн тул ёс зүйн зөрчил гаргаагүй, харин бусад 11 редакцуудыг дээрх мэдээллийг бэлтгэхдээ “…Ж.Золжаргал үр ашиггүй зарцуулжээ” хэмээн эх сурвалжаа дурдалгүйгээр баримттай, баталгаатай үйл явдал мэтээр бичсэн, мэдээллийн гарчиг болон постерт нэр нь дурдагдаж буй хүний зургийг ашиглан мэдээлэл бэлтгэж, агуулгыг гуйвуулсан гэж үзсэн учраас “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ын 6.3.1 болон 6.3.2-т заасны дагуу tovch.mn сайтыг ёс зүйн зөрчил гараагүйг олон нийтэд мэдээлэх, нэр бүхий хоёр редакцад зөрчлийг зөвлөмжийн хамт хүргүүлээд харин алдаагаа залруулах хүсэлтийг харгалзан үзэж олон нийтэд нэрийг мэдээлэхгүй, харин бусад 9 редакцыг 6.3.3 болон 6.3.4-т заасны дагуу ёс зүйн алдаа гаргасныг олон нийтэд мэдээлж, гомдол гаргагч болон редакцад гомдлыг хэлэлцсэн дүгнэлтийг зөвлөмжийн хамт хүргүүлэх шийдвэр гаргалаа.

