Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тариалан эрхлэгчдийн зээлийг хойшлуулах болоод зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвар чөлөөлөх асуудал хэлэлцүүлсэн. Тэгвэл дээрх асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа:
-Өнөөдрийн засгийн газрын хурлаар тариалан эрхлэлтийн сангаас олгосон зээлийн төлөлтийг хойшлуулах асуудал хэлэлцсэн мэдээлэл байна. Ямар учиртай талаар тодруулж өгөөч?
– 2024 онд олон газар ган болсонтой холбоотойгоор олон тариаланчийн зүгээс тариалан эрхлэлтийн сангаас авсан хөнгөлөлттэй зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүссэн. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зүгээс засгийн газрын хуралдаанд тариаланчдын хүсэлтийг уламжилж зээл төлөх хугацааг 6 сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргууллаа. Банкинд төлөх зээлийн хүүгийн татаасанд 4 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд салбарын сайдын багцаас мөнгийг гаргахаар болсон байна.
-Зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх тухай асуудал багтсан байна лээ. Энэ талаар?
-Өнгөрсөн зун олон газар хур бороо багатай, ган болсон. Тиймээс малын тэжээл бага хураасан асуудал бий. Гаалийн албан татварыг тэглэх асуудал зөвхөн баруун бүсийн аймгуудад хамаатай. Баруун бүс зардал өндөртэй, төвөөс алслагдмал. Түүнчлэн баруун бүсэд гурилын үйлдвэр байхгүй, тариалангийн үйлдвэрлэл өрнөдөггүй. Үүнтэй холбоотойгоор баруун аймгууд руу хилээр орж ирэх гурил, тэжээлийг гаалийн албан татваргүй болгохоор шийдвэрлэсэн. Баруун аймагт гурил үнэтэй очих нь иргэдэд хүнд тусна. Мөн малын тэжээл үнэтэй байх нь малчдад үнийн дарамт болно. Баруун 5 аймгийн 5 боомтоор 4-р сарын 1 болтол татваргүйгээр гурил, тэжээлээ оруулж ирэхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ гурил, тэжээл оруулж ирэхийг хүсэж байгаа аж ахуйн нэгжүүд хэдий хэмжээтэй гурил тэжээл оруулж ирэх шаардлагатай байгаагаа урьдчилж илэрхийлж зөвшөөрөл авах ёстой.
-Засгийн газрын гаргаж байгаа дээрх шийдвэр гурил үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулахгүй юу?
– Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 1 удаагийн арга хэмжээ авч байгаа нь энэ юм. 2024 онд баруун аймгуулын хилээр 25 мянган тонн гурил орж ирж байсан 2025 онд 15 мянган тонн орж ирсэн юм билээ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.



2025-12-24 07:06:16
Зөв шүү.