horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Орон сууц худалдан авах гэрээтэй холбоотой гомдлыг Өргөдлийн байнгын хороо ирэх жил хэлэлцэнэ

post-img

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд тусгуулахаар олон нийтээс ирүүлсэн өргөдөл, саналыг эрэмбэлж, шаардлагатай асуудлаар хүний эрхийг хангах хяналт шалгалт хийх цагалбар батлах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг “Иргэдээс хамгийн их ирдэг санал, гомдлын нэг нь орон сууц захиалах, худалдан авах харилцаатай холбоотой байдаг. Иргэд шинээр орон сууц захиалахдаа дөнгөж баригдаж байгаа байгууллагад захиалга өгдөг. Урьдчилгаа 20-30 хувь төлнө. Тухайн байр захиалга авахдаа энэ жилийн сүүлээр, тэддүгээр улиралд ашиглалтад орно гэдэг. Гэтэл энэ хугацаа маш их удааширч байгаа. Урьдчилгааг нь аваад 2-5 жил болсон хохирогч ихтэй гомдлууд ч байна. Орон сууц нь захилсан цагтаа ашиглалтад ордоггүй, чанарын шаардлага хангахгүй байгаа юм. Захиалагчдын урьдчилгааг өөр салбарт хөрөнгө оруулалт хийдэг асуудал ч байна. Иймээс уг асуудлаар Өргөдлийн байнгын хороонд олон гомдол ирсэн. Хууль тогтоомжийн хүрээнд хэрэглэгч талаас нь хамгаалсан дундын хяналтын механизм байхгүй байгаа юм. Тэгэхээр уг асуудлыг бид хэлэлцэж, бодлогын шийдэл гаргах ёстой байна. Иймээс орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, хийдэлтэй холбоотой мэдээлэл сонсож, тайлан илтгэлийг хэлэлцүүлж, бодлогын шийдэл гаргах саналаар хяналт шалгалтын цаглабарт тусгах санал гаргаж байна” гэлээ. О.Номинчимэг гишүүний дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хууль тогтоомжийн биелэлтэд үр дагаврын үнэлгээ хийх, олон нийтийн эрх ашгийг хангаж ажиллахын тулд хуулийн хэрэгжилт, хийдлийг засахад Өргөдлийн байнгын хорооны санал санаачлага чухал гэдгийг гишүүд онцлов.

Цагалбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлаар хяналт шалгалт хийх С.Эрдэнэбат нарын УИХ-ын гишүүдийн саналыг дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан Хүний эрхийг хангах, хууль тогтоомжийн давхардлыг арилгах, үр дагаврын үнэлгээ хийх гурван саналыг дэмжиж цагалбарт орох боллоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөдөлмөр эрхлэлтийн сангийн сүүлийн таван жилийн орлого, зарлагад хяналт хийх, Эрүүл мэндийн сангийн хөрөнгөд хяналт шалгалт хийх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гаргасан саналууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй болгох хяналт шалгалтын ажлуудыг хийх санал гаргасан байна. Эдгээр саналаас гурван санал цагалбарт тусахаар болж дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ЕБС-иудын багшийн хомсдол, ажлын байрны ачаалал, хөгжих асуудлыг нягтлах, Үдийн хоол цайны чанар стандартаар санал гаргасан. Гишүүдээс гаргасан саналыг Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

0/1000