Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр 4 шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар гадаад улсад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бодитойгоор бууруулжээ. Тус эмнэлэг 2025 онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн ба үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслын эмчилгээг хийсэн бөгөөд нийт хийгдсэн мэс заслын үйлчилгээний 18.7 хувь буюу 226 тохиолдол нь 0–16 насны хүүхэд эзэлж байна.
- Гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхалгыг хиймэл хавхалгаар солихгүйгээр өөрийн хавхалгыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг титэм судасны эмгэгтэй хавсарч хийх мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.
- Хүүхдийн зүрхний хавхалга болон гол судасны угийн хэмжээ жижиг байдгаас шалтгаалан хиймэл хавхалга хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тул хавхалгыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болдог. Энэ хүрээнд “Бо-Ян”-ны техникийг ашиглан механик протезоор солих мэс заслыг тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүллээ.
- Митрал хавхалгыг минимал инвазив аргаар солих, мөн митрал хавхалгыг халдварт эндокардитийн үед минимал инвазив хүрцээр мэс засал хийх технологийг БНСУ-ын зочин профессорын багтай хамтран Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2–3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай арга юм.
УГТЭ нь цаашид зүрх судасны мэс заслын өндөр түвшний лавлагаа тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийг эх орондоо чанартай, аюулгүй, эдийн засгийн дарамтгүй, эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлэх боломжийг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тууштай зорилго тавин ажиллаж байгаа юм.


