УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ашиггүй ажиллаж байгаа ТӨК-иудыг хувьчлах асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ мэдээлэлд Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 2019–2021 онд алдагдалтай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагад нийт 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон тухай тайлан гаргасан тухай дурдсан юм. Тухайлбал, “Алтайн Улиастай эрчим хүчний систем” ТӨХК нь 2019 онд 3.4 сая, 2020 онд дөрвөн сая, 2021 онд нэг сая, 2022 онд гурван сая төгрөгийн алдагдалтай ажилласан атлаа тус компанийн захирал О.Пүрэвсүрэн 11.7 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан байна. Мөн 2020 онд захирлаар ажиллаж байсан Т.Ганзориг 42.1 сая төгрөг, 2021 онд 40 сая төгрөгийн урамшуулал авсан гэв.
Үндэсний аудитын газрын мэдээллээр, 2024 онд төрийн өмчит компаниудад хийсэн хяналт шалгалтаар нийт нэг их наяд 29 тэрбум 530 сая төгрөгийн дүн бүхий 1555 зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 1.3 тэрбум төгрөгийн 220 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 750.1 тэрбум төгрөгийн 600 зөрчлийг арилгах, таслан зогсоох шаардлага хүргүүлжээ. Гэвч Үндэсний аудитын газраас тодорхой хэмжээний шаардлага хүргүүлдэг ч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой асуудлыг 2001 оноос хойш УИХ удаа дараа хэлэлцэж, шийдвэр гаргасан боловч эдгээр шийдвэрийн гүйцэтгэл, хэрэгжилт ердөө 37 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байгаа учраас иргэд аж ахуйн нэгжийн хяналт үүсгэх зорилгоор тодорхой хэсгийг хувьчлах нь зүйтэй хэмээн тайлбарлалаа.


