horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баянхонгорынх бол хэн ч байсан хамаагүй

post-img

Сангийн сайд Б.Жавхлан ард түмний янзыг үзэж байна. Гэм бурууг нь шүүх дэнслээд, буруутай гэж үзэн ялласан хүнийг Сангийн сайд Б.Жавхлан нийтийн албанд нэлээдгүй том албан тушаалд томилжээ. Тэр 2025.12.23-нд 231-р тушаал гаргаж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Мягмарсүрэнгийн Баярмагнайг томилсон байна. Цалин нь 2 сая 716 мянган төгрөг. М.Баярмагнай бол одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад данстай хүн.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.09.15-нд Хөгжлийн банкинд ТУЗ-ийн гишүүн 42 хүн, 3 аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцээд, М.Баярмагнайд үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгосон юм. Түүнээс хойш 3 сар гаруй болж байна.

М.Баярмагнай мэдээж 3 шатны шүүхээр бүгдээр нь явж, гэм буруугүй гэж давж заалдана. Давж заалдах, хяналтын шатны шүүх цаана нь бий. Гэхдээ л тэр анханы шатны шүүхийн шийдвэрээр бол гэмтэн. Гэмтнийг Сангийн сайд Б.Жавхлан нийтийн албанд томиллоо. Нийтийн албанд 2 жил томилох эрх хасах гэдэг бол эрүүгийн ял. Үүнийг мэдсээр байж Б.Жавхлан ард түмний янзыг үзэж байна.

Сангийн яаманд төрийн нарийн бичгийн даргаар тавих хүн Монголоос олдохгүй байна гэж байхгүй. Энэ албан тушаалд заавал ялтан тавьж байгаа нь МАН, Г.Занданшатар, Б.Жавхлан нар Монгол Улсыг хувийн компани мэт үзэж, төрийн албыг төрлийн алба болгож байгаагийн илрэл. Баянхонгорынх, Г.Занданшатарынх байвал хэн ч байсан хамаагүй, нийтийн албанд тавих нь ээ.

М.Баярмагнай гэж хэн бэ?

1972 онд Баянхонгорт төрсөн энэ хүнийг Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирлаар авчирч, дараа нь ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тавиулжээ. Ингээд 2012 онд Г.Занданшатар УИХ-ын сонгуульд ялагдаж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очоод, М.Баярмагнайг Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болгожээ.

2016 онд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор М.Баярмагнай Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болсон байна. Энэ үед нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018.04.30-нд 112 дугаар тогтоол гаргаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 4 хүн томилсны 1 нь ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай байв. Тус банкны ТУЗ 2018.05.02-нд даргаараа М.Баярмагнайг сонгосон байдаг. Энд ажиллах хугацаандаа тэр Хөгжлийн банкны гэх тодотголтой, 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт холбогдсон түүхтэй.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргын албан тушаалд тавимагц М.Баярмагнай БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болов. Г.Занданшатар УИХ-ын даргын суудалд тухалсныхаа дараа түүнийг ЗГХЭГ-ын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр тавиад, удалгүй ЗГХЭГ-ын дэд дарга болгож дэвшүүлсэн байна.

0/1000