Иргэн Б.Б 2022 оны 5 дугаар сард “Зил-131” маркийн бор ногоон өнгийн машиныг 25 сая төгрөгөөр худалдан авчээ. Эхнэрийнх нь хамаатан О.Б уг машиныг нь зээлээр худалдаж авъя гэж гуйхаар нь зөвшөөрч, машинаа өгч явуулжээ. Гэтэл өнөөх нь төлбөрөө өгөөгүй байхдаа машиныг нь Завхан аймагт осолд оруулчихсан байжээ. Уг осолтой холбоотой эрүүгийн хэрэгт Б.Б иргэний нэхэмжлэгчээр оролцсон аж. Шүүхийн шаардлагаар машинаа үнэлүүлэхэд зах зээлийн үнийг нь 22 сая төгрөг гэж үнэлсэн аж. Ингээд осол гаргасан жолоочоос 10 сая төгрөг хохиролд тооцож авчээ.
Тус шүүх тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо эзэмшиж байсан этгээдээс нь иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан гэнэ. Иймд Б.Б “Зил-131” маркийн машины үнэлгээ болох 22 сая төгрөгөөс үлдсэн 12 сая төгрөгийг “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу О.Б-с гаргуулахаар шүүхэд ханджээ. Гэтэл О.Б “Би Б.Б-с тус машиныг худалдаж аваагүй. Харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажилласан. Тус машиныг унаж осол гаргасан М.М нь хохиролд 10 саяыг Б.Б-д өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээн маргажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх 2025 оны 6-р сард уг хэргийг хэлэлцээд “Зохигчдын хооронд автомашин 22 сая төгрөгөөр шилжүүлэх нөхцөл бүхий зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй. Машинд 2,9 сая төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцон, шүүгдэгч М.М-с автомашины хохиролд 10 сая төгрөг авсан” хэмээн нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Ийм хариу аваад тэр давж заалджээ. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 9-р сард уг хэргийг хэлэлцээд “Талуудын хооронд Иргэний хуулийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй этгээдэд бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй” гэж үзэж, хариуцагч О.Б-с 12 сая төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ удаад О.Б үүнийг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандав. УДШ 12-р сарын 25-нд уг хэргийг хянаад, О.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

