УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзаж талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдтэй адил л хүн. Энэ иргэдийн асуудлыг 21 аймгаар тойрч сонсоод ирлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууцанд хөнгөлөлттэй орох нөхцөл, тэтгэвэр бодитойгоор нэмэх эсэх зэрэг асуудлыг хөндөж байна.
Өмнөговь аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орон сууцтай болгох асуудлыг орон нутгийн төсвөөс шийдэж, 40 гаруй иргэнийг орон сууцтай болгосон байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй ганцхан хүүхдэд зориулан лифт суурилуулсан нь хүний эрхийн асуудалд мэдрэмжтэй байдлыг илтгэж байна. Сүхбаатар аймаг эмнэлэгт шаардлагатай эмч нарын 97 хувийг хангажээ. Олон эмнэлгээр орж ажигласан ч ийм өндөр үр дүнтэй байгууллага үзсэнгүй. Ховд аймаг өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2 эмчээ орон сууцаар хангаж, энэ жил дахин 2 иргэний орон сууцны асуудлыг шийдэх гэж байна.
Төр өөрөө хийхгүй байгаагаас асуудал гараад байгаа болохоос биш тал талд боломжгүй гэсэн үг биш. Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санхүүжилт хамгийн өндөр байсан ч хамгийн их бухимдал үүссэн. 21 аймагт “Иргэдтэйгээ уулздаггүй” гэсэн ганцхан асуудал ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирсэн хамгийн эхний 10 асуудлыг эрэмбэлээд шийдэхээр ажиллана.

