horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

2025 оны соёл урлагийн салбарын ОНЦЛОХ үйл явдал

post-img

Time.mn сайт 2025 оны онцлох үйл явдлуудын тоймыг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа соёл урлагийн салбарт өнгө нэмж, иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан мөн түүнчлэн дэлхий дахинд өөрийн нэрээ болон эх орныхоо нэрийг цуурайтуулсан урлаг, соёлын алдартнуудын хийсэн бүтээсэн амжилтуудыг тоймлон хүргэж байна.

Өдгөөгөөс 9 жилийн өмнө буюу 2016 онд “My Voice” шоунаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Мишээл 2025 онд авьяас билгээ улам бататган, олон улсын шоуны ялагч болсон. Азийн 12 орны хамгийн шилдэг уран бүтээлчтэй эн тэнцүү өрсөлдөж, “Silk Way Star” тэмцээний Гран-при цомыг атган, Монгол хүний авьяас билэг дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг өөрийн биеэр батлан харуулсан юм.

Уртын дууны уянгалаг, тансаг аялгууг дэлхий дахинд таниулж, басхүү үзэгчид төдийгүй оролцогчид, шүүгчдийн хайрыг татсан энэ бүсгүйн амжилтыг яах аргагүй соёл урлагийн ертөнцөд өнгө нэмсэн нэгээхэн үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Алдарт “Netflix” компанийн зохион байгуулсан “Phisycal Asia” шоунд эх орныхоо нэрийн өмнөөс оролцсон зургаан тамирчны нэг бол Уран нугараач Э.Лхагва-Очир. Бусад орны тамирчид эх орондоо төдийгүй олон улсад алдар цуутай спортын тамирчид байсан бол Э.Лхагва-Очирын хувьд ганцаараа урлагийн тэр дундаа уран нугараач, жүжигчин гэдгээрээ онцлог байв. Хэний ч төсөөлөөгүй амжилтыг Монголын баг тамирчид үзүүлснээс гадна Э.Лхагва-Очирыг “ОЛСНЫ ХААН” ч гэж нэрлээд амжсан.

Монголын соёл урлагийн тэр дундаа уран нугаралтын гайхамшгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа чадварлаг уран нугараачдын тод төлөөлөл бол яах аргагүй МУГЖ Э.Лхагва-Очир билээ.

Монголын загварын ертөнцөд дөнгөж хөл тавьсан шинэхэн загвар өмсөгчдөөс эхлээд топ одууд ч хуруу даран хүлээдэг томоохон наадам бол ГОЁЛ. 37 дахь удаагаа зохион байгуулагдсан тус наадмын топ моделиудаар загвар өмсөгч Т.Батцэцэг, Э.Сүхбат нар тодорсон.

Өмссөн хувцсаа амьдруулж, загварт хайртай хүн бүрийн сэтгэлийг баясгасан тус наадмын шилдэг загвар өмсөгчид яах аргагүй энэ жилийн загварын салбарын нэгэн шигтгээ болсон гэхэд буруудахгүй биз ээ.

Монголын соёл урлагийг дуурийн урлаггүйгээр төсөөлөхөд бэрх. Эх орныхоо нэрийг басхүү ижий аавынхаа нэрийг дэлхийн томоохон театруудын тайзнаа хэдэнтээ дуурсгасан хэдхэн дуучдын нэг бол Ардын жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин юм. Түүний хувьд 2025 оны сүүлийг мушгин “Дуурийн Оскар” гэгдэх “Opera star-International Opera Awards-2025”-аас “Шилдэг баритон” шагналыг хүртсэн ба энэхүү шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй нь энэ юм.

Тэрбээр анх 2020 онд “Шилдэг баритон” болж байсан бол 2023 онд Германы Берлинд хоёр дахь удаагаа гардаж байсан түүхтэй.

Бүжигт хайртай, бүжиг сонирхогчдын хамгийн дуртай хамтлагууд бол “Moon Dance”, “Star Dance” хамтлагууд. Олон улсын зэрэглэлтэй ямар ч тэмцээнд эх орноо төлөөлөн басхүү Монгол бүжигчдийн чанар чансааг сорихоор тус хамтлагууд дэлхийн тайзыг зорьдог. 2025 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-ны өдөр Австри улсад амжилттай зохион байгуулагдсан ба “Moon Dance” хамтлаг III байр, “Star Dance” хамтлаг IV байрт тус тус шалгарч өөрсдийнхөө амжилтыг бататгасан юм.

Түүнчлэн эдгээр хамтлагуудын бас нэгэн онцлог бол эх орныхоо үүх түүх, өв соёл, Монгол омогшил гээд бүхий л гайхамшгийг бүжигтээ шингээдэг нь Монголчууд бидний бахархлыг эрхгүй төрүүлдэг билээ.

Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжиг анх 2022 онд УДЭТ-ын тайзнаа тавигдаж, гаднын хэд хэдэн улсад “Монгол хаан” нэрээр тоглогдож байсан бол энэ онд дахин УДЭТ-ын тайзнаа амилсан. Ийнхүү тус жүжгийг арлын Япон улсад амжилттай тавьж, дэлхийн олон үзэгчдийн сэтгэлийг татсан байдаг.

Түүгээр ч зогсохгүй ирэх 2026 онд “Монгол хаан” жүжгийг ОХУ-н Марийнский театрт тоглож, Монголын театрын урлагийг дахин дэлхийд сурталчлах юм.

Манай улсад жил бүр олон кино уран бүтээл төрдөг ч үзэгчдийн сэтгэлийг цөөн хэдэн уран бүтээл л татдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл улиран одож буй 2025 онд үзэгчдийг байлдан дагуулж басхүү уйтгар гуниг, баяр баясал, сэтгэл зовнил гээд бүхий л мэдрэмжийг өгсөн кино бол яах аргагүй “Надад ирээгүй хайр” олон ангит уран сайхны кино юм. Уг киног Оросын алдарт “И всё таки я люблю” цувралын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Номадиа” пикчерс, “Хүлэгү” пикчерс хамтран бүтээсэн билээ.

0/1000