“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тн хүдэр олборлож, 39.9 сая тн хүдэр боловсрууллаа. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлт болж байна. Тус үйлдвэр энэ онд нийт 574 мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэн, экспортолжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд тушааж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа сэтгүүлчдэд танилцуулсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
–“Эрдэнэт үйлдвэр” цаашид 55 жил тогтвортой ашиглах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. 2025 онд Оюут ордын нөөц хэр нэмэгдэв?
-Оюут орд 900 м урт, 550 м өргөн. 800 м-ээс илүү гүнд үргэлжилж буй биетэд дунджаар 530 орчим (хамгийн их нь 933.5) метрийн гүнтэй 96 цооногийг 60х60 м хүртэл нягтруулан, нийт 49212.2 тууш/метр нэмж өрөмдсөн. Үүгээр геологийн нөөцийг “Бодитой” (B) зэрэглэлийн түвшинд хүртэл судлаад байна. Оюут ордын хайгуулыг бүрэн дуусгалаа. Урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэстэй гэсэн нөөц тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батжуулж чадсан.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчлалд хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй компани болгох чиглэлд ажиллаж байна. ҮАГ-т шалгуулахаас гадна 2022 оноос эхлээд жил бүрийн санхүүгийн тайлангаа олон улсын 4 том компанийн аль нэгээр нь хянуулан, баталгаажуулж байна. Энэ бол IPO гаргахад л бэлтгэж байгаа юм.
-Хувьчлалын тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?
-1991 онд Засгийн газар тогтоол гаргаж, хувьчлах ТӨК-иудын жагсаалт гаргасан. Уг жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” байсан ч 1998 онд хувьчлах компаниудын жагсаалтыг шинэчлэхдээ хасчихсан юм байна лээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчлахдаа 51 хувиас доошгүй нь төрийн өмчид байх ёстой. Критикал менерал гэдэг зүйл батлан хамгаалах, сансар гээд олон зүйлд чухал учраас улс орнууд дотоодын боловсруулах үйлдвэрээ хамгаалах зорилгоор бодлого гаргаж эхэлсэн юм. Монголоос хамгийн анх критикал менералд жонш орсон. Сүүлийн үед Дэлхий нийт 1 улсаас хамааралтай болсон. Дэлхийн бүх зэсийн талаас илүү хувийг нь Хятад улс хайлуулж байна. Боловсруулж, өртөг шингээгээд, буцаагаад Дэлхий даяар тарааж байна. Газрын ховор элементийн хэрэгцээний 90 гаруй хувийг Хятад улс хангаж байна. АНУ, Европ, Их 7-гийн бодлого нь ашигт малтмал, критикал менерал болчихсон. Улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ярьдаг сэдэв нь ашигт малтмал, критикал менерал болсон.

Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ IPO-г гадаад зах зээлд гаргавал магадгүй 1 улс бүгдийг нь худалдаад авчихна. Энэ үйлдвэрийн ажилчдад, дараа нь орон нутгийн иргэдэд хувьцааг нь санал болгох хэрэгтэй. Ажилчид бол хамгийн сайн хяналт тавина.
Гэхдээ эхлээд хуулиа батлах шаардлагатай. Цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг, улсын төсөв бүрдүүлдэг төрийн өмчит компаниудын хувьчлал арай өөр байх болов уу. Би бол 51%-ийг нь төр эзэмшиж, бодлогоо барих ёстой гэсэн байр суурьтай байна. Хувийн хэвшлийн 1 компанид дангаар нь эзэмшүүлэхгүйгээр хязгаарлаад, дотооддоо хувьцааг нь эзэмшүүлэх хэрэгтэй.
-Хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад олборлох хүдрийн хэмжээгээ улам нэмж байгаа нь 2025 онд 47.1 сая тн хүдэр олборлож, 39.9 сая тн хүдэр боловсруулан, 574 мянган тн баяжмал үйлдвэрлэснээс харагдаж байна.
-Хүдэр дэх металлын агуулга жилээс жилд буурч байгаа. Тиймээс бид гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг хэвийн хадгалахын тулд нэлээд зүйл хийж байгаа. 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн 1-р шугамын том бутлалтын бутлуурыг шинэчилж, технологио сайжруулах шаардлагатай болсон. Үүний дагуу тус шугамын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, 40 сая тонн болгох бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүллээ. Хүдэр бэлтгэлийн 1-р шугамын барилгын ажил 32 метрийн гүнд хийгдэж байна. 8-9 давхар байшинтай тэнцэх гүнд бетон цутгаж байна. Энэ ажлыг 9, 10-р сард тасралтгүй хийгээд, тогтмол темпертурт бэхжүүлдэг. Дээр нь 28 метр өндөр буюу нийт 20 давхар байшинтай тэнцэх хэмжээний барилга барих юм.
Энэ бутлуурыг шинэчилснээр буталсан хүдрийн бүхэллэг жижгэрч, жилд тогтмол 40 сая тонн хүдэр боловсруулах боломж бүрдэнэ. Технологио шинэчилснээр цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг 7%-иар бууруулж, орд ашиглах нийт хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ.
Мөн Баяжуулах үйлдвэрээ шинэчлэх ажлын хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж байна. Дахиад 55 жил ажиллах юм бол бид энэ бүхнийг бэлтгэх ёстой. Хаягдлын сангүйгээр “Эрдэнэт үйлдвэр” ажиллах боломжгүй. Яагаад гэвэл бид олборлосон хүдрийнхээ 98.5%-ийг хаягдлын санд хаядаг. 1.5%-ийг баяжмал болгож авдаг. Энийгээ хадгалах газаргүй бол ямар ч үйлдвэр ажиллахгүй.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр одоо үйлдвэрлэж буй зэс болон молибдены баяжмалын хэмжээг хадгалж, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг бага зардлаар хангах юм.
-Техникүүдээ нэлээд шинэчилжээ. Үүний үр дүнг яаж тооцсон бэ?
-Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тн хүдэр баяжуулах хүчин чадалтай, хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн тус бүр 48 ш флотомашиныг АНУ-ын “FLSmidth” компанийн тус бүр 11 ш флотомашинаар шинэчилсэн. Ингэснээр ашиглалтын болон цахилгааны зардал 10%-иар буурч, жилд 1 тэрбум төгрөг хэмнэнэ. “Эрдэнэт үйлдвэр” хүдэр боловсруулах хүчин чадлаа нэмэх зорилгоор 2016 оноос техникээ үе шаттайгаар шинэчилж байгаа. 2016 онд 32, 2022 онд 38, 2024 онд 40, 2025 онд 47.1 сая тн хүдэр боловсруулаад байна.
Мөн тус хэсгийн 28 жил ажиллаж, бүрэн элэгдэлд орж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ-5.5х6.5 маркийн 5-р тээрмийг БНХАУ-ын CITIC компанийн тээрмээр шинэчиллээ. Эдгээр нь ирээдүйд боловсруулах хүдрийн шинж чанарт тохирсон, олон хувилбарт уян схемтэй, найдвартай ажиллагааны зэрэглэл өндөртэй, ХАБЭА-г бүрэн хангасан, хамгийн бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллах техникүүд.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендертээ хиймэл оюун нэвтрүүлсэн. Үүний үр дүн яаж гарч байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 1360 гаруй тендер зарлаж, давхардсан тоогоор 4500 гаруй компани оролцдог. Тендер шалгаруулахад 300 гаруй ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар ажилладаг. Тэд үүнд жилд 65.712 цаг зарцуулж, 2.3 тэрбум төгрөгийн зардал гардаг. Жилд 380 гаруй тендерт гомдол, санал гарч, үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байх эрсдэл үүсдэг. Иймд хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг 2025.07.07-ноос бүрэн ашиглаж эхэлсэн. “TenderEval” систем “Эрдэнэт үйлдвэр”-ийн ERP системтэй нягт уялдан ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааны бүх явцыг цахимаар зохион байгуулдаг болсон. Үр дүнд нь дээр бүх хүн хүч, цаг, мөнгийг хэмнэж байна.
-Үйлдвэр, технологийн парк хэзээ ашиглалтад орох вэ?
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү ашигтай гэсэн зөвлөмжийг ЖАИКА өгсөн байдаг. Үүний дагуу Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийг ЗГХЭГ-ын дарга байхдаа С.Бямбацогт сайд 2022 онд шинэчлэн батлуулсан. Энэ хуулийн хүрээнд хамгийн анхны тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа олгосон юм. Тэр үеэс бүтээн байгуулалт эхэлж, энэ жил ҮТП-ийн 4 том ажлын 2-ыг эхлүүлж, 2-ыг нь хийж дуусгалаа.

Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” ҮТП байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт нийт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг ҮТП дотор байгуулагдах үйлдвэрүүдэд зориулан, ачиж буулгах өндөрлөсөн болон нам тавцан бүхий 1520 мм царигтай 4.4 км урт төмөр зам тавьсан. Цэвэр усны 25.6 км урт шугам хоолой татаж, цэвэр усны өргөлтийн насосын станц, 500 м3 багтаамжтай усан сан 2-ыг байгууллаа. Бохир усны ариутгах татуургын 23.8 км урт шугам хоолой, бохир усны өргөлтийн 6 станц барьж, 2025 онд ашиглалтад бүрэн оруулаад байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үүнд зориулж 68 сая доллар гаргасан. Авто замын ажил 60 гаруй хувь яваа. Цахилгаан хангамжийн тендертэй холбоотой гомдол гарч, ажил 2 жил шахам саатсан. Одоо 30 орчим хувьтай байна.
-Зэсийн үнэ 2026 онд өндөр байлаа. 2026 онд ямар байх бол?
-2025 оны бизнес төлөвлөгөөнд зэсийн үнийг 9486 гэж тавьсан. Тэр үед зэсийн үнэ 8000 гаруйтай байлаа. Энэ жил Конго, Чили зэрэг улсын зэсийн уурхайнуудад 3 том осол гарсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Үнэ өнөөдөр өндөр байгаа ч хэзээ ч ийм хэвээрээ байдаггүй. Ялангуяа гүний уурхайд байнга маш их хэмжээний хөрөнгө оруулах ёстой. Усыг нь татах, агааржуулах, малтах шаардлагатай.
Жил бүр металлын үнийн прогноз гардаг. Томоохон санхүүгийн байгууллагуудаас бид зөвлөгөө авдаг. 2026 онд зэсийн үнийг бид 9653-аар авсан. Улсын төсөвт 9700-аар тусгасан. Одоогийн 12 мянга бол бууна. Бид эрсдэлийг маш сайн тооцдог. 9653-аас буухгүй гэж бид үзэж байгаа. Улсын төсөв, татварт эрсдэл үүсгэхгүй байх үнээр л төлөвлөдөг.
–Зэсийн үнэ өндөр байсан нь танай үйлдвэрийг ашигтай ажиллахад чамгүй нөлөөлсөн байх. Ашгийн хэдэн хувьд нь үнийн өсөлт нөлөөлөв?
-Он дуусахаар 2026 оны тайлангаа гаргаж, нэгдсэн дүгнэлт гаргана. Түүний дараа энэ талаар мэдээлэл өгье.
-“Эрдэнэт”-ээс авах АМНАТ-ыг өндөр байлгах, бусад аж ахуйн нэгжийн АМНАТ-ыг багасгах тухай зарим хүн яриад байна. “Эрдэнэт”-ийг тусад нь авч үзэх гээд байна уу? АМНАТ өндөр хэвээрээ байвал өрсөлдөөн тэгш бус болох гээд байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сангийн яаман дээр энэ асуудлаар бас ярилцсан. “Эрдэнэт үйлдвэр”-ээс улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамжид адилхан уян хатан байж болно. АМНАТ-ыг адилхан багасгах ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 20%-ийн АМНАТ төлж байгаа гэж та бүхэн боддог. Үнэндээ 21.6%-ийн АМНАТ төлж байгаа. Энэ бол шударга биш. Ухаантай улс бол өөр байдаг. Жишээлбэл: Никел, литийн үнийг Хятад улс сүүлийн хэдэн жилд интервенц хийж, гадаадын өрсөлдөгчдөө унагасан. Энэ үед Австрали никелийн АМНАТ-ыг тэглэсэн.
АМНАТ-д улаан шугам байх ёсгүй. Улаан шугам тавиад, “Чадвал даваад гар” гэдэг. Энэ шугамыг Цагаансуварга, Хармагтай гээд зэсийн ордууд давж гарч чадахгүй байгаа. АМНАТ хөвөгч байх ёстой. Зэсийн үнэ өсөх, буурахад АМНАТ дагаад хөдөлж байх ёстой. Бүх ашигт малтмалд АМНАТ ижилхэн байж болдоггүй юм. Дэлхийн зах зээлийн үнэ, баяжуулах технологиос хамаарч, АМНАТ уян хатан байх ёстой. Хэрвээ одоо авдаг шигээ 1.8 их наяд төгрөг “Эрдэнэт үйлдвэр”-ээс авъя гэж байгаа бол АМНАТ-аа бууруул. Үүнийхээ зөрүүг ЗГ-ын тогтоолоор, ноогдол ашиг хэлбэрээр ав. ТУЗ-ийн ихэнх гишүүн төрийнх учраас ингэж болно.

Учир нь ЗГ-ын тогтоолоор АМНАТ-ыг зарим жилд өсгөж, зарим жилд бууруулж болно. Хууль бол хөдлөхгүй. Дараагийн Эрдэнэт, Оюутолгойг нээх боломжийг АМНАТ хаачхаад байна. Цагаансуварга, Хармагтайгаас зэс олборлоод эхэлбэл Эрдэнэтийн зөрүүг дарчихна. Ганц татвар төлж байгаа газрынхаа өвдөг рүү өшиглөсөөр байгаад унагачих гээд байна. Бүр байг гэхэд АМНАТ-аа бууруулчхаад, зөрүүг нь ноогдол ашиг болгож ав. Хаашдаа л авдаг юм чинь. Эрдэнэтийн зэсийн агуулга улам буурахаар ноогдол ашгаа ч бууруулах шаардлагатай байгаа. Хуулиас илүү ноогдол ашиг нь уян хатан шүү дээ.
-Хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажил хэр урагштай явж байгаа вэ?
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Кабель утасны үйлдвэрийн ТЭЗҮ 2019 онд батлагдсан. Үүнд элементийн хүхрийн үйлдвэртэй холбоотой тодотгол оруулаад, 2025.08.13-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа. Хүхрийн хүчил үйлдвэрлэе гэсэн ч бид бэлэн байна. Алийг нь ч ашиглах хос морьтой болсон, манай ТЭЗҮ.
Хөрөнгө оруулагчдад урилгаа явуулсан.
2025.12.03-нд ЗГ-ын хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэрийн талаар хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргасан. 2026.01.15-ны дотор хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн компаниуд гээд 55 компани, нийт 90 гаруй байгууллагад урилга явуулсан.
-Хайлуулах үйлдвэрт ямар технологи ашиглахаа тодорхой болгосон уу?
-Хайлуулах үйлдвэр бол эрдэнэтчүүдийн мөрөөдөл. 1987 онд хайлуулах үйлдвэрийн судалгаа эхэлсэн байдаг. Одоо 120 гаруй хайлуулах үйлдвэр Дэлхийд байна. Индонез, Энэтхэг, Конгод 2025 онд ийм үлйдвэр барилаа. Чилийн зарим үйлдвэр хаагдлаа.
Дэлхий дээрх зэс хайлуулах технологиудаас аль нь Эрдэнэтийн хүдэрт нийцэх вэ гэдэг судалгаа хийсэн. Бид патент эзэмшигч нартай хамтарч судалсан. Би гайхсан л даа. Маш олон сайн судалгаа хийсэн байна лээ. Хятад улс бүх патентыг авч, хөрөнгө оруулалт, урсгал зардал багатай, өөрийн шинэ технологийг бий болгодог. Тухайн үед элементийн хүхэр үйлдвэрлэнэ гэж байсан учраас 2020 онд туршилт хийгээд, 2024 онд дууссан. Амжилттай болсон.
-Энэ үйлдвэр хэр ашигтай байх бол?
-Хөрөнгө оруулалтын дотоод өгөөж 8.9. Оруулсан хөрөнгөө 9 жилд нөхнө. Зэсийн үнийг 8340-өөр авсан байдаг. Энэ ТЭЗҮ-ийг хөндлөнгийн аудитаар үнэлүүлсэн. Эдийн засгийн тооцоо нь хэр үндэслэлтэй, ашиггүй гээд байдаг нь ямар учиртай вэ гэдгийг шалгасан. Гүйцэтгэгч компани шалгарсан. Тайлан одоо бэлэн болж байгаа.
-Хятад улс өөрөө маш том үйлдвэрлэгч. Манайд зэс хайлуулах үйлдвэр барина гэж үү?
-Хятад маш олон хайлуулах үйлдвэр барьсан. Тэр үйлдвэрүүд бүгд түүхий эдээ гаднаас авдаг. “Ийм нөхцөлд манай хайлуулах үйлдвэрийг барих сонирхол та нарт байна уу? Улс төрийн ямар нэг дарамт шахалт та нарт ирдэг үү?” гэж би асуусан. “Бид цэвэр бизнесийн байгууллага” гэж хариулсан л даа.

Энэ үйлдвэрийг барих эзэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ биш. Зэс боловсруулах цогцолбор компани ч биш. Яам, ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ч биш. Тендерт шалгарсан компани барина. Тэр нь өөрсдөө технологийн патент эзэмшигч байх ёстой. Яагаад гэвэл 55 жил ажиллах үйлдвэрийн нөөцийг бид санал болгож байна. Патентын асуудал гаргахгүйн тулд шүү дээ. Түлхүүр гардуулах нөхцөлөөр ийм үйлдвэрийг барьж болдоггүй юм. Хүмүүс орон сууц шиг юм бодоод байдаг. Технологи шингэсэн юман дээр тэгж болдоггүй. Үйлдвэрээ бариад, асааж өгчхөөд яваад өгдөг. Сар, жилийн дараа уг үйлдвэрийн ямар нэг юм нь эвдэрвэл барьсан компанидаа хандана. Засуулахын тулд менежментийн төлбөр төлөх болдог. Тэд “Энэ үйлдвэр бол бидний оюуны өмч” гэдэг. Ингэвэл бид хавханд орно.
Тиймээс “Барих компани өөрөө энэ үйлдвэрт хөрөнгө оруул” гэдэг шаардлага тавьж байгаа. Хөрөнгөө оруулсан компани найдвартай юм барина шүү дээ. 2-рт, үйлдвэр барьсан туршлагатай байх ёстой. Цаашлаад өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, катодын зэс хийх сонирхолтой бол давуу тал болно гэсэн шаардлага тавьж байна. Бид хөндлөнгийн хяналт тавина. Зэс боловсруулах цогцолбор бол хамтарч ажиллана. Үүний эрх эзэмшигч нь “Эрдэнэс Монгол”. Уг нь зэс боловсруулах цогцолбор байгуулах шаардлагагүй байсан юм. Нэгэнт байгуулчихсан учраас эрх хэрэгжүүлэгч нь түүхий эд гаргаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байх ёстой. Үүнийгээ ЗГ-т илэрхийлсэн.

