horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн захирлыг цагаатгав

post-img

З.Болдсайхан “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” ТӨААТҮГ-ын захирал, төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн техник технологийг шинэчилж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 5 дугаар сард төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулжээ. Үүний дагуу 2019.05.24-нд эхний санхүүжилт 124,5 сая төгрөг, 2019.12.25-нд хоёр дахь санхүүжилт 125,4 сая төгрөг, нийт 249,8 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Уг төсөлд тусгасны дагуу тоног төхөөрөмж, эргэлтийн материалд нийт 187,9 сая төгрөгийг зарцуулж, төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө үүссэн өр төлбөр болох 2019.05.27-ноос мөн оны 12 сарын 31 хүртэл ажилчдын цалингийн өр төлбөрт 16,7 сая төгрөг, хүн амын орлогын албан татварт 10,8 сая, нийгмийн даатгалын шимтгэлд 34,3 сая төгрөгийг төсвийн санхүүжилтээс барагдуулах ажлыг нягтлан бодогч Б.Оюунчанцалд даалгаж, нийт 61,8 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Хэрэгт авагдсан нотлох баримтаар 61,8 сая төгрөгийг ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварт зарцуулсан нь тогтоогдож байна. Нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Тэдний үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэн, шүүгдэгч З.Болдсайхан, Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй” гэх дүгнэлтийг хийж. цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ.

УДШ 2025.12.24-нд уг хэргийг хянаад “Шүүгдэгч нарын зориулалтын бусаар зарцуулсан 61,8 сая төгрөг нь хуримтлагдсан цалингийн өр, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаагүй байна” хэмээн үзэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлээ.

0/1000