Татварын багц хуулийн төслийг 2025.12.24-нд Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Сангийн яам уг төслийг боловсруулахдаа 13 мянган иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулж, 150 уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Үүнээс гарсан 176 мянга гаруй санал, олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан уг төслийг боловсруулсан гэж Сангийн яам мэдээллээ.
Уг хуулийн төсөлд оруулсан онцлог заалт:
- Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч, НӨАТ-ыг 20-100 хувь хөнгөлж буцаан олгох,
- Татварын өртэй байгууллагын банкин дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх,
- Улаанбаатараас орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх,
- Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэний орлогын тодорхой хэмжээг ХХОАТ-аас хөнгөлөх,
- Ааж ахуйн нэгжүүдийн 25 хувиар татвар төлөх босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулах.
Татварын багц хуульд бүх нийтээрээ шударга төлдөг, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг тогтолцоо бүрдүүлэхийг зорьсон байна. Мөн гааль, татварын байгууллагын үйл ажиллагааг илүү зөвлөн туслах тогтолцоо руу шилжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.
Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.6 орчим их наяд төгрөгөөр буурахаар тооцсон аж. Дээрх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр СЯ төлөвлөөд байна.

