Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр болно. Монгол Улсын соёлын өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг уг барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлнэ. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь Дэлхий нийтийн жишгийн дагуу Төрийн далбаатай болсон явдал юм.
Зээгт наамал болон барлах аргаар бүтээсэн Олноо Өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбааг урлахад Да лам Цэрэнчимэд ихээхэн үүрэгтэй оролцсон байна. Уг далбааны гол дахь соёмбо тэмдэг нь 1921 оны Ардын хувьсгалын үеэр Төрийн сүлд далбаанд ч залгамжлагдан ирсэн түүхтэй. Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг 2004 оны 5 дугаар сарын 5-нд Засгийн газрын 108-р тогтоолоор “Хосгүй үнэт өвийн жагсаалт”-д бүртгэжээ. Үүнийг одоо Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалдаг.

