Монгол Улс Дэлхийд робот мэс заслын эмчилгээ нутагшуулсан 70 дахь орон болов. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх бэлтгэл өнгөрсөн 3 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн байна. Үүнийхээ үр шимийг өчигдөр үзэж, Хавдар судлалын үндэсний төв анх удаа робот мэс заслаа амжилттай хийлээ. Робот мэс заслын багаж 3 хэсэгтэй. Бүгд нийлж байж ажилладаг. Эл багажаар хүний цөсний хүүдий авлаа.
Нарийн мэргэжлийн, роботоор мэргэшсэн техникч, хагалгааны сувилагч, хагалгааны 2 эмч, унтуулгын сувилагч зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ мэслийг хийнэ. Оператор эмч хагалгааг удирддаг бол хагалгааны эмч өвчтөний эрүүл мэндийг хянана.
Уг мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулав. Түүнийг роботоор мэс засал хийх эмчилгээг Монголд нэвтрүүлэх санаачилга гаргасан хүн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.
Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох робот мэс засал эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ. Робот мэс засал бол Дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи. Мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь робот болдог.
Робот мэс заслын технологийг амжилттай нэвтрүүлэх суурь нь дурангийн эмс заслын өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлт байсан аж. Дурангийн мэс заслыг Монголд нэвтрүүлж, 21 аймагт цөсний хүүдийг дурангаар авдаг болгоход 20 жил зарцуулжээ.
Робот эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулвал маш өндөр хурдны интернэтийн тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломж бүрдүүлэх юм.

