УИХ-ын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа парламентын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.

Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов. Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.


