Тайз дэлгэцийн олон бүтээлд тоглож, урлагт өөрийн гэсэн орон зай, байр суурийг бий болгосон жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалтай ярилцлаа. Түүний хувьд сүүлийн 10 орчим жил жюүжицүгийн спортоор шаргуу хичээллэж, чамгүй амжилт гаргаад буй.
–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Спортод хөл тавиад 10 орчим жил боллоо. Спороос жюүжицүг яагаад сонирхох болсон талаар ярилцъя…
-Жюүжицүгээр анх 2015 онд хичээллэж эхэлсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хамтлагаараа яриад, бүгдээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэе, эрүүл мэндээ бодож, бие бялдраа хөгжүүлье гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл манай нэг найз жюүжүцү гэдэг их гоё спорт бий гэж санал болгосон юм. Анх огт сонсоогүй спортын нэрийг дуулаад их гайхсан. Тэр үед жюүжицүгийн талаар анх удаа сонсож байгаа юм. Тэгээд мэдээллийг нь интернэтээс хайж үзлээ. Монголд энэ спортын анхны “Garuda” клуб байгуулагдсан цаг үе ч таарсан. Тэгээд л тус клубт очиж, О.Болд-Эрдэнэ найзынхаа шавь нь болов. Тэр цагаас хойш миний тогтмол хичээллэдэг спорт төрөл жюүжицү болсон.
–Чамгүй олон амжилт гаргасан шүү дээ. Хамгийн анхны амжилтынхаа талаар дурдаач…
-Энэ хугацаанд улсын аваргын мөнгө, хүрэл медаль хүртсэн. Хамгийн том нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль.

–Таны хувьд сая ягаан бүсний болзол хангасан. Ер нь жюүжицүгийн бүсний утга учир юундаа байдаг юм бэ?
-Жюүжицүгийн бүс цагаан, хөх, ягаан, бор, хар гэсэн ангилалтай. Миний хувьд дундаа ирж байна. Нэг ёсондоо жюүжицүгийн боловсрол бакалавр болчихлоо гэсэн үг. Ягаан бүстэй болохоор бусдад жюүжицү заах эрх нээгддэг.

-Та багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв. Барилддаг байв уу?
-Би багадаа барилдаж байгаагүй. Харин морь их унаж, малын араас гүйдэг хүүхэд байсан. Сумын төвийн хүүхдүүд спортоор хичээллээд сүйд болохгүй. Хонины бэлчээрт хааяа нэг үеийнхэнтэйгээ ноцолдох нь бий. Сагс тоглохоос хэтэрдэггүй л байлаа.
–Магадгүй спортод сонирхолгүй, барилддаггүй хүн яагаад жюүжицүгийн спорттой холбогдов. Таныг олон зорилготойгоор энэ спортод хөл тавьсан гэдэг. Магадгүй жүжигчин хүний хувьд тулаантай кинонд тоглох зорилгоор жюүжицүг сонирхох болсон уу?
-Барууны орнуудад урлагийнхан бие бялдраа хөгжүүлэх зорилгоор жюүжицүгээр их хичээллэдэг.

Би урлагийн хүний хувьд тулаант кинонд дүр бүтээхийн тулд жюүжицүгээр хичээллэсэн нь нэг зорилго. Магадгүй тулаант киноны багахан хэсгийг найруулах хэмжээний мэдлэг чадвартай болсон гэж боддог. Надад одоогоор тулаант кинонд тоглох санал ирээгүй байна. Би бэлэн. Хүлээж байна.
–Хамгийн сонирхолтой тулаануудаасаа дурдаач…
-“UB internatiomal Pro” олон улсын тэмцээн Монголд зохион байгуулагдахад түрүүлж байсан. Тэр үед хоёр барилдаж ялчихаад финалд шалгарчихаад байж байтал буриадын Д.Дамдин аваргатай таарчихсан. Тамирчид тухайн жинд барилдах гэж байгаа хүмүүсээ судалдаг. Би гэтэл огт судлаагүй. Гэтэл Буриадын Д.Дамдин аваргатай таарсан. “Үнэхээр барахгүй нь, цаг хурдан дуусаасай” гэж бодож байтал сээмхий гарч, өнөөх тамирчнаа дарж аваад боолтны барьц аваад боотол ялчихсан. Би тэр хүнийг аварга гэж мэдээгүй нь хамгийн аймаар байсан. Барилдчихаад дэвжээнээс бууж байтал хүмүүс “Та ёстой айхтар хүнийг яллаа” гээд байсан. Гэтэл аварга байсан юм байна лээ. Хэрэв мэдсэн бол сэтгэл зүйгээ бэлдэх байсан. Харанхуй барилдаад тийм мундаг хүнийг ялсандаа өөрөөрөө бахархсан.
–Энэ спортоор хичээллээд та юу ойлгосон бэ?
-Хүн эрүүлжих боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Бидний дунд нурууны суулт түгээмэл. Тэгвэл хагалгаа хийлгэхгүйгээр жюүжицүгээр эмчлэх боломжтой. Нэг жишээ хэлэхэд миний найз нурууны суулттай байсан. Би түүнд жюүжицүгээр хичээллэхийг зөвлөсөн. Тэгээд жюүжицүгээр хичээллээд нурууны суулт нь эдгэрч, ягаан бүстэй тамирчин болсон. Ийм л гайхамшигтай спорт.
–Танаар дамжуулж энэ спортыг сонирхох болсон хүн олон байгаа бололтой тийм үү…Жюүжицүгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, клубээ нээх зорилго бий юү?
-Жюүжицү бол орчин үеийн тренд болж байгаа спорт. Маш эрчимтэй хөгжиж байна. Орчин байвал эрэлт ихтэй спорт. Би хороололд өссөн учраас тэр хавьдаа клубээ нээж байгаа.
–Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-2020 оноос хойш кинонд тоглоогүй. Энэ жилээс уран бүтээлдээ шамдаж байна. Ирэх жил хамтлагийнхантай уран бүтээл хийнэ. Хувь уран бүтээлчийн хувьд хоёр ч киноны төсөл эхлүүлчихсэн байгаа. Эдгээрийг одоогоор нууцалъя.
–Ярилцсанд баярлалаа.


