horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Монголын ирээдүйг гэрэлтүүлэх хүүхдүүдтэй 2025 он 

post-img

Time.mn сайт 2025 оны оны онцлох үйл явдлуудын тоймлон, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад тив, Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа оны онцлох хүүхдүүдийн амжилтыг тоймлов.

Ердөө 11 настай жаал хүү Монголын шатрын спортод шинэ хуудас нээв. Ц.Ананд насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан Монгол Улсын аварга шалгаруулах рапид төрлийн тэмцээнд есөн өргийн турш огтхон ч ялагдал хүлээлгүй 8.5 оноо авснаар түрүүлсэн юм. Тэр 5 настай байхдаа шатрын анхны нүүдлийг сурч, хоёрдугаар ангид орохдоо аавынхаа заавраар шатрын спортоор системтэй хичээллэж эхэлжээ.

Ой тогтоолтын 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 улсын 169 тамирчин оролцож, харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Монголын тамирчин Б.Мишээл нийлбэр оноогоор бага насны хүүхдүүдийн Дэлхийн аварга болж, олон улсын мастер цолны болзол хангав. Тэрбээр тэмцээний үеэр 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Б.Мишээл Дэлхийн аваргад оролцохоосоо өмнө өөрийгөө амжилт гаргаж буйгаар дүрслэн зурж, түүнийгээ бодит амжилтаар батлан харуулсан юм.

“Оны онцлох хүүхэд” шагналаа гардан аваад, гэртээ харихад нь баяр хөөрөөр бялхсан эмээ нь чадлынхаа хэрээр угтан гүйж ирээд, үнсэж байгаа бичлэгийг санаж байна уу? Эмээгээ гүйхэд хүргэж, баярлуулсан энэ охиныг О.Наранцолмон гэдэг. Монгол ёс заншил, түүх соёлыг өвлөн уламжлагч эл охин “2025 оны онцлох бий биелээч хүүхэд” хэмээх эрхэм шагналын эзэн болсон. О.Наранцолмон Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 3Б ангийн сурагч. Бага наснаасаа үндэсний бүжиг, тэр дундаа бий биелгээг шимтэн суралцаж иржээ.

Түүний ур чадвар, хичээл зүтгэлийг батлах амжилтуудаас дурдвал, “Дэлхийн соёлын фестиваль-2025”, “Захчин бий биелгээ”, “Хүн домог” бүжгийн үндэсний их наадмын “Бий биелгээ уламжлалт хэв маяг” төрөлд тус тус тэргүүн байр эзэлж байв.

Говь нутгаас төрсөн хүү Дэлхийд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн бахархам үйл явдал саяхан тохиосон. Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэдтэй өрсөлдсөн “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Р.Ууганбаяр сурсан мэдсэнээ бүрэн дайчилж, дрон кодчиллын төрөлд Дэлхийн аварга боллоо. Энэ ялалтын дараах бас нэгэн сэтгэл хөдөлгөм агшин нь түүний амжилтыг сонссон эмээ нь нисэх онгоцны буудал дээр сүү, хадаг, ерөөлийн үгтэйгээр ач хүүгээ угтсан мөч байлаа.

Цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уйлуулж, уурлуулж, баярлуулж, догдлуулсан кино бол “Надад ирээгүй хайр” байв. Олон ангит энэ кинонд үзэгчдийн санааг ихээхэн чилээсэн Амина хэмээх бяцхан охины дүр олны хайрыг татсан. Энэхүү дүрийг чадварлаг бүтээсэн Ц.Нандин-Эрдэнэ 2025 оны онцлох хүүхдүүдийн нэгээр зүй ёсоор тодров.

Гэхдээ тэр энэ удаад киноны дүрээрээ бус, Монголын түүх, соёлыг өвлөн уламжлагч, уламжлалт гар урлалд суралцан, хөгжүүлж буй тууштай хичээл зүтгэлээрээ энэ шагналыг хүртсэнийг онцолъё.             

Гүрж улсын Тбилиси хотод 12-р сарын 6-7-нд болсон “UCMAS-2025” тэмцээний алтан цомыг Завхан аймгийн Жавхлант цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Гэмпэлмаа өргөлөө. Дэлхийн 80 гаруй улсын 1500 гаруй тамирчин 10 ангилалд оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдсөн энэ тэмцээний цээж тоолол, соробан сампингийн төрөлд “Тояа” академийн Завхан салбарын суралцагч А.Гэмпэлмаа тэргүүлсэн юм.

АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон IFMA (Олон улсын мутай спортын холбоо) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12-13 насны -58 кг-ийн жинд тулалдсан Хэнтий аймгийн “Эрдэнэ” клубийн тамирчин Э.Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэв. Тэрбээр мутайн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, мутайн улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тамирчин”, шүүтбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний тулааны төрөлд үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм. Монголын кикбоксын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн, спортын дэд мастер цолтой.

“2025 оны онцлох хүүхэд”-ийн “Өв уламжлал” номинацын эзнээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10-р ангийн сурагч Г.Гантуяа тодорлоо. Тэрбээр сур харваагаар 4 жил хичээллэж байгаа аж. Энэ жил Үндэсний их баяр наадамд өсвөр насны охидын төрөлд түрүүлж, идэр мэргэн залуу харваач болсон юм.

0/1000