Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х.Нямбаатарын Нийтийн тээврийг хөгжүүлэх сан
- 2026/01/05

- 39 цаг 32 минутын өмнө

- 3 мин уншина

Манай улсад орон нутгийн өмчит хуулийн этгээд 4331 байна. Үүний 20 нь сан. Сангуудын ихэнх нь Засгийн газрынх. Харин аймгуудтай харьцуулбал нийслэлийн харьяа байгууллагууд хамаагүй олон сантай. Үүний 1 нь Нийтийн тээврийг хөгжүүлэх сан. Энэ санг Х.Нямбаатар, А.Баяр нар аятайхан ашиглаж байна.

УИХ 2023 оны 12 дугаар сард Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль баталсан юм. Энэ хуулийн 7 дугаар зүйлд “Нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна” гэж заажээ. Уг заалтын хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, 2024, 2025 онд улсын төсвөөр худалдаж авсан том оврын автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад зээлээр өгч, буцаан төлсөн төлбөрийг нь уг санд төвлөрүүлэх боломж бүрдсэн байна.

Ингээд 2024 онд Нийтийн тээврийг хөгжүүлэх сан 27 тэрбум, 2025 онд 29 тэрбум төгрөг цуглуулжээ. Үүгээр 31 угсраа автобус авч, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явуулж байгаа бол 45 хүний суудалтай 10 автобус авч, Багануур, Багахангай, “Чингис хаан” нисэх буудал руу явуулж байна. Улсын төсвөөс анх гаргасан мөнгө 7 жилийн хугацаанд энэ санд орж ирнэ.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхийг нийслэлийн засаг дарга эдэлдэг

Улаанбаатар хотын иргэдийн 27% нь автобусаар хөл дүүжилдэг. Тэдэндээ зориулан, улсын төсвөөс мөнгө гаргаж, автобус аваад, аж ахуйн нэгжүүдэд өгснөөр шинэ, дулаахан автобустай болж, бүгд хожсон.

Харин одоо Х.Нямбаатар, А.Баяр нар таксины бизнес эрхлэхээр шийдэж, татвар төлөгчдөөс хурааж авсан 20 тэрбум төгрөгөө ар, өврийн хүмүүстээ 6 жилийн хугацаатай өгч, татвар төлөгчдийн мөнгөөр хувийн бизнесийг санхүүжүүлэх гэж байна. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар 2026 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2025.12.30-нд нийслэлийн ИТХ-аар батлууллаа. Тэр нийтийн тээврийн салбарт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь. Үүний 1 нь такси.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхийг нийслэлийн засаг дарга эдэлдэг. Данс нь нийслэлийн ЗДТГ-ын Төрийн сангийн дансанд төгрөгөөр байршдаг. Энэ сангийн стратеги бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, тухайн жилийн төсөв, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлийг хянах, сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх чиг үүрэгтэй орон тооны бус зөвлөл гэж бий. Уг зөвлөл дарга, нарийн бичгийн дарга, гишүүн зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын үйл ажиллагааг нь нийслэлийн засаг дарга эрхэлдэг юм.

“Хотын автобусанд суугаарай” гэж нэг нүүрээрээ уриалаад, “Дугаарын хязгаарлалттай өдрөө хотын таксигаар үйлчлүүлээрэй” гэж нөгөө нүүрээрээ ярьж эхэллээ

Үүнээс харахад л Х.Нямбаатар энэ сангийн “эзэн” гэдэг нь тодорхой байна. Тэр одоо байтлаа татвар төлөгчдийн мөнгөөр таксины бизнес хийж, хувийн хэвшилтэй өрсөлдөх гэж байна. ТӨБЗГ-ын мэдээллээр “Хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, эсвэл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт нийтийн зориулалттай үйлчилгээ, дэд бүтцийн компани байгуулж болно” гэж Засгийн газар төр, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаарх бодлогодоо тусгажээ. Үүний дагуу орон нутагт компани байгуулах салбарын жагсаалтыг баталж, тооцоо судалгаагүйгээр компани байгуулахыг хориглох юм байна. Төр, засаг нь ийм бодлого баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр хичээж байхад нийслэлийн ЗДТГ түүнийг сөрж байна.

Такси бол хувийн компани эрхлэх боломжгүй бизнес биш. 5 компанийн 221 такси албан ёсны зөвшөөрөлтэйгөөр иргэдэд үйлчилж байгаа нь үүний баримт. Зах зээлийн төвлөрөл өндөртэй салбар бас биш. Нийслэлийн иргэдийн 8% нь л такси хөлөглөж байна. Автобусанд суудаггүй иргэдийнхээ машиныг гэрийнх нь гадаа үлдээх гэж Х.Нямбаатар зорих ёстой байтал таксинд суулгаад, тааваараа явах боломжоор хангах гэж байна.

Үүнээс нь харвал тэр 2 нүүртэй ажгуу. “Хотын автобусанд суугаарай” гэж нэг нүүрээрээ уриалаад, “Дугаарын хязгаарлалттай өдрөө хотын таксигаар үйлчлүүлээрэй” гэж нөгөө нүүрээрээ ярьж эхэллээ. Үүний оронд зүгээр л дугаарын хязгаарлалтаа цуцлах хэрэгтэй. Тэгээд л такси хэрэггүй болно. Машинтай нь машиндаа, машингүй нь автобусандаа түгжирнэ л биз. Дахиад 1000 машинд дугаар өгч, түгжрэлийг 1000 машинаар нэмж байхаар дугаарын хязгаарлалтаа л больчиход болно доо.

- Шинэ
- Хандалттай