Засгийн газрын 2024.10.23-ны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.8-д заасны дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон. Уг тогтоолын дагуу 16 мянга хүртэлх хүүхэд тутамд улсын 1 байцаагч ажиллуулна. Энэ тоог тогтоохдоо аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог хүн амын тоо, хүүхдэд учирч болох эрсдэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзжээ.
Шинээр томилогдсон хүүхдийн байцаагч нар 2026.01.02-ноос ажиллаж эхэлнэ. Тухайлбал: Өмнөговь аймагт гэхэд хүүхдийн эрхийн улсын байцаагч 2, ахлах байцаагч 1 ажиллаж байна. Хүүхдийн эрхтэй хамаатай 20 гаруй хэрэг, зөрчилд эдгээр байцаагч хяналт тавих юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэхээс өмнө улсын хэмжээнд хүүхдийн эрхийн 54 улсын байцаагч ажиллаж байв. Энэ нь хангалтгүй, цөөхөн, хуулийн тодорхой зохицуулалт байхгүйгээс хүүхдийн эрхийн улсын байцаагчийн чиг үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа руу түлхүү чиглэж байжээ. Харин одоо хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоог нэмлээ. Хүүхдийн байцаагч нар зөрчил шалган шийдвэрлэхээс гадна хяналт шалгалт хийх замаар хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах замаар хүүхдийн эрхийг хангах эрх, үүрэгтэй болж байна.

