Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр (2025.12.30) хуралдах байсан ч ирц хүрээгүй тул хойшлууллаа. Шүүхийн тухай хуулийн 26.3-т “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан байдаг. Уг хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх байв.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг тайлбарлах хэрэгцээ шаардлага, цар хүрээний тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үр нөлөөнд мониторинг хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн талаарх мэдээлэлтэй танилцахаар товлосон юм.
Түүнчлэн Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл болон Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэх байсан ч хойшиллоо.

