horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН завсарлага авлаа

post-img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хурал 54.8 хувийн ирцтэй эхэллээ. Уг хурлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэр “Өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч эдийн засгийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, тогтвортой байдлыг хангах талаар нэгдсэн зохицуулалт бүхий хууль батлагдаагүй байна. Олон улсын туршлагаас харахад аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах, төрийн оролцоог хязгаарлах нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн төрийн оролцоог бууруулах нь зах зээлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангаж эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг дэмжих төдийгүй хөрөнгө оруулалт инновацыг дэмжих таатай орчныг бүрдүүлдэг байна. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр Монгол Улс 2025 оны онд 176 улсаас 76 дугаар байрт эрэмбэлэгдэж, нарийвчилсан дэд үзүүлэлтийн оноогоор өмчийн эрх, төрийн зарчимт байдал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчид ээлтэй байдал зэрэг үзүүлэлтээр дунд, бага гэж үнэлэгдлээ” хэмээн танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт төвлөрсөн бүтэцтэй хэвээр байгаа бөгөөд 1990-2025 оны 2 дугаар улирал хүртэл хугацаанд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь нь уул уурхайн салбарт ногдож буй аж. Сүүлийн 10 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал жилд дунджаар 2.6 тэрбум ам.доллар байгаагийн 2.2 тэрбум ам.долларыг “Оюутолгой” төсөл дангаараа бүрдүүлсэн боловч хөрөнгө оруулалтын буцаан төлөлтийн нөлөөгөөр цэвэр дүнгээр орж ирж буй хөрөнгө оруулалтын дүн 1 тэрбум ам.доллар хүрэхгүй байгаа аж.

Уул уурхайн болон уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгалын өсөлт буурч байгаа тул эдийн засгийн бүх салбарыг тэлж төрөлжүүлэх, салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зүй ёсны шаардлага үүсжээ. Иймд хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан хэмээв. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн зорилго нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, төрийн оролцоог багасгах, бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэгдсэн байна.

Хуулийн төсөлд эдийн засгийн эрх чөлөөг хангах үндсэн зарчмуудыг тусгаж, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлжээ. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс бизнес эрхлэгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөх, хориглох үйл ажиллагааг тодорхойлсон байна. Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгож орон тооны бус эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүрэг болон төрийн бодлогын шийдвэр гаргалтад хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалтыг тусгасан байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож хөрөнгө оруулалтын баталгааг хангах хуулийн зохицуулалтыг сайжруулсан гэнэ.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөс нэмэлт зардал үүсгэх, шинэ бүтэц, орон тоо бий болгох зохицуулалт агуулагдаагүй гэнэ. Уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

0/1000