Зул сарын баярыг Гринчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ өвөл Улаанбаатар театрын тайзнаа бидний сайн мэдэх зөрүүд, сахилгагүй “Зөрүүд Гринч” жүжиг тоглогдсон. Зул сарын сахилгагүй, Гринчийн дүрийг бүтээж буй залуу уран бүтээлч Ц.Энх-орчлонтой ярилцлаа.
-Сайн байна уу, Юуны өмнө биднийг шинэ жилийн энэ догдлол дүүрэн өдрөөр “Зөрүүд грийнч”-тэй уулзуулж байгаад баярлалаа. “Зөрүүд Грийнч” болох хэр байна?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Хүүхдүүд Гринчийг ихэвчлэн ууртай, балиар дүрээр нь хардаг. Харин яг үнэндээ Гринчийн дотоод сэтгэл зөөлөн, уярамтгай. Би энэ дүрийг бүтээхдээ хүүхдүүдэд Гринчийн сайн, дулаан талыг нь илүү мэдрүүлэхийг хичээдэг.
Гринчийн дүрээр дамжуулан хүүхдүүдийн сэтгэлийг хөдөлгөж, уурлуулж, инээлгэж, баярлуулах юмсан гэж боддог. Дүрээ бүтээхээсээ өмнө айдастай л байсан. Гэхдээ Гринчийн дүрдээ тоглох үнэхээр гоё байлаа.
-Гринч муухай ааштай, зөрүүд. Дүрийн аашийг бодитоор харуулахад хэцүү зүйл байсан л байх даа?
Мэдээж амаргүй. Биеийн хэлэмж, хоолойны өнгө, хөдөлгөөн гээд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай болдог. Тэгж байж гэмээнэ Гринчийн дүрийг илүү амьд, сонирхолтой болгодог болохоор хичээхээс өөр замгүй.
-Жүжгийн аль үзэгдэл танд илүү таалагдав?
Хотын дарга орж ирээд бэлэг гардуулж, үсний машин гаргаж ирдэг хэсэг бий. Жүжгийн энэ мөч надад үнэхээр их таалагддаг.
-“Зөрүүд Гринч” хэд дэх уран бүтээл тань вэ?
Би саяхан жүжигчний мэргэжлээр төгссөн. “Зөрүүд Гринч” бол миний тайзны анхны гол дүр. Анх Гринчийн дүрийн санал ирэхэд “Би чадах болов уу?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байлаа. Тэгээд “оролдоод үзье” гэж шийдээд зохиолоо уншихад зохиол нь их таалагдсан. Бэлтгэл, суурилуулалтаа хийгээд тайзан дээр гарах өөр юм байна лээ.
-Гринчийн зөрүүд зан таны өөрийн хувийн зан араншинтай адил төстэй зүйл байв уу, эсвэл бүр тэс өмнөө юу?
Гринчийн зан аашнаас эсрэгээрээ. Би өөрөө шинэ жилийн баярт их дуртай. Шинэ жил бол хүмүүс инээж, баярлаж, дулаан уур амьсгал мэдрэх ёстой сайхан баяр гэж боддог.
Шинэ жилийн баяраар хүмүүсийн хамгийн их үздэг кино бол “Гэртээ ганцаараа”, “Гринч” хоёр шүү дээ. Энэ хоёр кинонд би хоёуланд нь үнэхээр их дуртай. Тиймээс азаар ч юм уу, тохиолдлоор ч юм уу Гринчийн дүрийг тайзан дээр амилуулж байгаадаа маш их баяртай байна. Тиймээс л Гринчийн сайн талыг түлхүү гаргахын эрмэлзлээ.
-Тайзны үзэгчдийн хүүхдүүдийн хамгийн хөгжилтэй эсвэл сэтгэл хөдөлгөм реакци юу байв?
Үзэгчидтэй шууд харилцан тоглодог жүжиг учраас хөгжилтэй, дурсамжтай мөч олон тохиолддог. Хүүхдүүд “Хөөе, муу бүдүүн Гринч!” гэж орилоод л, би ойртож очоод айлгахаар цочоод инээгээд үнэхээр хөгжилтэй. Анхны тайз дээр гараад ирэхэд хүүхдүүд орилдоод л Гринч гэж дуудахыг сонсоод улам их урам авдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үзүүлэх далимаар өөрсдөө үзээд хүүхдүүдтэйгээ адилхан цочоод л гоё хүлээж авсан. Хүүхэд байсан цаг хугацаагаараа ахиад аялсан байх аа.

-Гринчийг хэдий насны, ямар хүнээр төсөөлдөг байв?
Миний хувьд Гринчийг хүн төрхөнд оруулаад төсөөлбөл 45–50 насны, жаахан ааштай, аливаа зүйл дээр “Үгүй, үгүй ээ, өөрсдөө хий” гэж хэлдэг ах хүн байх байсан болов уу?… гэж боддог. Гринч бэлэг авахыг хүсдэг дүр дээрээ “Бэлэг, бэлэг авъя” гэж гадаад байдлаараа эсэргүүцдэг мэт харагдавч цаад утгаараа бол тэр зул сарын баярт дуртай. Зүгээр л сэтгэлээ илэрхийлж чаддаггүй, дотроо дулаахан нэгэн гэж би ойлгодог.
-Таны хувьд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
Би ер нь эсрэг дүр бүтээхийг их хүсдэг, тийм дүрүүдэд дуртай. Тайзны жүжиг ч бай, кино ч бай ялгаагүй эсрэг дүр дээр өөрийгөө сорих сонирхолтой байдаг. Тэр дундаа түүхэн кинонд Манж эсрэг дүрийг бүтээж үзэхийг их хүсдэг.
-Түүхэн тэр тусмаа эсрэг дүрийг бүтээнэ гэдэг жүжигчний хувьд асар их мэдрэмж, чадвар шаарддаг гэдэг. Итгэлтэй байна уу?
Залуу жүжигчний хувьд чадвараа сорих дуртай. Мэдээж тийм дүр ирвэл би чадах бүхнээ л дайчилна гэж бодож байна.
Ууртай Гринчийн хувьд ганц хоёр зан нь надтай төстэй шүү. Би ер нь тоглоом шоглоом хийх дуртай. Гэхдээ бас жаахан санаатай. (инээв)
–Цаг гарган ярилцсан танд баярлалаа

