“Зөрүүд Гринч” жүжгийн гол дүр нь ганцаардмал, зул сарын баярыг үзэн яддаг Гринч юм. Харин түүний эсрэг талд бусдад Гринчийг ойлгуулахыг хичээдэг, сэргэлэн цовоо, зул сарын баярт дуртай Синди Лу охин байдаг. Энэ удаад бид Синди Лу охины дүрийг бүтээж буй залуу уран бүтээлч Г.Сансартай ярилцлаа.
–Сайн байна уу, Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?
Соёл Урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийг өнгөрсөн хавар төгссөн. Ажлынхаа анхны гараагаа “Зөрүүд Гринч” жүжгийн Синди Лу охины дүрээр эхлүүлээд явж байна.
-Гринчийг бусдад ойлгуулахыг хамгийн их хичээдэг дүр шүү дээ. Синди Лу охиныг үзэгч хүүхдүүд маань хэр хүлээж авав?
Синди Лу охинд хүүхдүүд үнэхээр их хайртай, итгэж, үнэмшиж хүлээж авдаг. Жүжиг дууссаны дараа хүүхдүүд орж ирээд уулздаг нь хамгийн хөгжилтэй мөчүүдийн нэг. “Сайн уу, Синди Лу”, “Гринчтэй битгий найзлаарай, Гринч ёстой муухай юм аа” гэх зэрэг үгсийг хэлсэн.
-Синди Лу охиноор хүлээж авахгүй байх вий гэсэн айдас байв уу?
Анх охины дүрд тоглохоор болоод их баярласан. Бэлтгэл хийж байх явцдаа “Хурдан тайзан дээр гараад тогломоор байна” гээд догдлоод л. Би өөрөө 23 настай мөртлөө найман настай охины дүрийг амилуулахын тулд нэлээд бэлтгэсэн. Бэлтгэл болгондоо хүүхдүүд инээх болов уу, яаж хүлээж авах бол гэж бодож илүү их хичээсэн. Энэ миний төгсөөд хийж буй анхны гол дүр байсан тул илүү догдлолтой, сонирхолтой байлаа.
–Таны хувьд шинэ жилийн баярыг хэр хүлээдэг бол.
Шинэ жилийн баяр бол миний хамгийн дуртай, хайртай баяр. Тэгээд энэ баярынхаа хамгийн чухал жүжгийн гол дүр болох Синди Лу охины дүрийг бүтээнэ гэдэг бол жүжигчний гараагаа эхэлж байгаа надад бэлэг юм даа. Ер нь энэ жүжгийн гол дүрүүдийг салгаж ойлгоход хэцүү. Тэр нь ч хүүхдүүдэд их сонирхолтой байдаг юм билээ. Дараа нь хүүхдүүдэд “Сайн байна уу, Гринч” гээд Гринчийг цочоодог хэсэгт хүүхдүүд хамгийн их инээдэг. Яг энэ үйл явдлыг хажуугаас нь харахад хамгийн хөгжилтэй.
-Синди лугаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч?
Бүх хүүхдүүдийн хүсэл биелүүлэх болтугай, аз жаргалтай, эрүүл энх байгаарай. Шинэ жилийн мэнд хүргэе! 2026 оноо амжилт бүтээл дүүрэн угтаарай. Онц сураарай, хүүхдүүдээ.
–Цаг гарган ярилцсан танд баярлалаа

