horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе

post-img

Энэ шинэ жилийн халуун дулаан, хайр энэрлээр дүүрэн цаг үед бид нэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Хүүхэд бүр ижилхэн инээж, адилхан баяр баяслыг мэдэрч чадаж байна уу?

Харамсалтай нь хаа нэгтээ дулаан гэртээ, хайртай хүмүүстэйгээ шинэ жилийг тэмдэглэж чадахгүй, даарч, өлсөж, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд бий. Тийм хүүхдүүдэд бид бодитоор хүрч ажиллах, тэдний амьдралд дулаан мэдрэмж, аюулгүй орчин нөхцөл, тэгш боломжийг авчрахын төлөө “4 км²” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг илрүүлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зорилготой төсөл юм.

Төслийн хүрээнд 20 тонн бүхий 2 контейнерыг тохижуулах, төслийн байршлын талбайд гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх болон урсгал зардлыг шийдвэрлэж төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах санхүүжилтийг энэхүү платформд олон нийтэд нээлттэйгээр оруулж байна.

Төвийн үйл ажиллагаа нь товчхондоо хүчирхийллээс урьдчилан сэргийлэх – хохирогчийг илрүүлэх – шаардлагатай үйлчилгээг үнэлэх – холбон зуучлах – кейс менежмент хийх – эргэх холбоотой ажиллах замаар хүчирхийллийн давтамж тохиолдлыг бууруулах гэсэн процессоор ажиллана.

Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил тогтмол хэрэгжүүлэхээс гадна цахим орчин болон олон нийтийн сувгаар мэдээлэл түгээх, шаардлагатай хамгааллын хариу үйлчилгээг тодорхойлон холбогдох байгууллагуудад холбон зуучилж эрсдэлийн түвшин буурах хүртэл хамтран ажиллана.

Хэрэв хүүхдийг сэтгэлзүйн үйлчилгээ болон сургалт хөтөлбөрт хамруулах бол “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хамруулна. Мөн энэхүү мэдээлэх төв нь үйл ажиллагааны хүрээнд хүүхэд багачуудын боловсролыг дэмжих номын сан, суралцах орчин, иргэд олон нийтэд зориулсан цахим киоск машин, сургалт, мэдээллийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхэд бүрд илүү аюулгүй, тэгш хүртээмжтэй орчныг бий болгоход зорин ажиллана.

Таны өгөх хандив бүр шинэ жилийн энэ үдэш дулаахан инээмсэглэлээр дутсан нэг хүүхдийн амьдралд аюулгүй, итгэлтэй, гэрэлтэй ирээдүйн эхлэл болж чадна. Шинэ оны баяр хөөрийг зөвхөн гэр бүлдээ бус, хэзээ ч таныг танихгүй ч таны тусыг хэзээ ч мартахгүй тэр нэг хүүхдэд бэлэглэцгээе.

Төслийн түүх

“Лантуун дохио” ТББ нь 2013 оноос хойш хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн дэмжлэг, хандив, оролцоон дээр суурилсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд хүүхэд хамгаалал, хөгжлийн олон талт нөлөөлөл, хариу үйлчилгээ, урьдчилан сэргийллийн хөтөлбөр төслүүд хэрэгжүүлсээр ирсэн. Бид Улаанбаатар хот, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Говь-Алтай аймгуудад “Ид шидийн орон” төвийн 6 салбар, Америк, Австрали улсад олон улсын салбар, сайн дурын оролцоон дээр эвлэлдэн нэгдсэн залуусын оролцоотойгоор хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөгжлөөр дамжуулан хамгаалах үзэл санааг түгээхээр хичээж байгаа хамт олон билээ.

Бид хүчирхийллийн харилцаанд байгаа гэдгээ мэдэхгүй, хүчирхийлэлд өртөөд байгаа ч хаана хандахаа мэдэхгүй байгаа хохирогч, даван туулагчдад тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэхүү төслийг эхлүүлж байна. Хүчирхийллийн даван туулагч, хохирогчдын 80–90 хувь нь ойлголт мэдээлэл дутмаг, үйлчилгээний хүртээмж муу зэрэг шалтгаанаар мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэдэг судалгаа гарсан байдаг. Үүнийг бууруулах зорилгоор тус төв нь хүчирхийллийг даван туулагч хүүхдийг орхихгүй, шаардлагатай бүх үйлчилгээг үе шаттайгаар үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хүүхэд бүрийн аюулгүй, тайван орчныг шинэ оны өдрүүдэд хамтдаа бүтээе.

0/1000