Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон иргэд, олон нийтэд зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг төв талбай болон нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулсан.
Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолтын үеэр иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангасан дулаан, тохилог асрууд байршуулж, “Опен мик” арга хэмжээ, худалдаа, үйлчилгээ, халуун хоолны явуулын цэгүүд иргэдэд үйлчилгээ үзүүлжээ. Төв талбайд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын улсын ахлах байцаагч, албан хаагчид тогтмол хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн ханган ажилласан байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллав.
Олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж, эрсдэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт түр байршуулж, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эцэг эхэд нь аюулгүйгээр хүлээлгэн өгчээ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолт болон шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөсний дараа төв талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 их багтаамжийн автобус 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.


