Дотоодын цэргийн дугаар ангид цэргүүд нэгнээ зодсон хэрэг гарч Монгол Улсын Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд салбарын үйл ажиллагаа, хууль дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн.
Өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарчээ.
Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөллөө.

Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Нэг.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн тусгай албыг тасралтгүй, шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд:
- 1.1.Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хуулиар харьяалуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүний эрхийг хангах, хамгаалах сургалтын цогц хөтөлбөрийг 2026 оны 1 дүгээр сард багтаан боловсруулж, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах;
- 1.2.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг салбар, байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, Дотоодын цэргийн анги, салбарын хэмжээнд Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- 1.3.Дотоодын цэргийн 05 дугаар ангид мэргэшсэн, ур чадвар бүхий мэргэжлийн удирдлагын багийг томилж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Дотоодын цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, хэмж хэмжээг чанд сахиулж, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг ханган, мэргэшсэн байгууллагыг бэхжүүлэх.
Хоёр.Цэргийн албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах ажлын хүрээнд:
- 2.1.Дотоодын цэргийн байгууллагад хийсэн процессын дахин инженерчлэлийн тайлан, зөвлөмжийг үндэслэн эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- 2.2.Дотоодын цэргийн штаб цэргийн албанд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, удирдах албан тушаалтан, алба хаагчдын зүгээс бусдын бие эрхтэн, эрх чөлөөнд халдаж, дүрмийн бус харилцаанаас үүдэлтэй зөрчил, дутагдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг цаг алдалгүй авч, цэргийн анги, салбарт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж хэвшүүлэх;
- 2.3.Бүх төрлийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдүүлж, сахилга, ёс зүй, ахуйн болон зам тээврийн осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх;
- 2.4.Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн хамгаалалтад хөтөч автомашин ажиллуулахтай холбоотой журамд өөрчлөлт оруулах;
- 2.5.Дотоодын цэргийн анги, салбарын гадна болон дотор байршуулсан телекамерыг Монгол Улсын телекамерын системийн техникийн ерөнхий шаардлага (МNS 6423:2019 стандартад зааснаар дүрс бичлэгийг 720 цагаас багагүй хугацаанд хадгалах)-д нийцүүлэх;
- 2.6.Дотоодын цэргийн анги, салбарын камерын хяналтад ороогүй цэгүүд болон цэргийн байрны ахуйн үйлчилгээний өрөө (хувцас угаах, индүүдэх, үс засуулах)-г бүрэн камержуулах;
- 2.7.Бие бүрэлдэхүүн (гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч), тэдгээрийн ар гэрийн гишүүдийн сэтгэл санаа, сэтгэл зүйн байдлыг хянаж, зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх;
- 2.8.Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдний ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарах;
- 2.9.Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
- 2.10.Зөрчилд нэр заагдсан алба хаагчдын үйлдэлд албаны шалгалт явуулж, хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, дүнг 2026 оны 01 дүгээр сард багтаан танилцуулах;
- 2.11.Дотоодын цэргийн штаб, түүний харьяа анги, салбаруудад хийсэн шалгалттай холбогдуулан илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, дүнг 2026 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулах.

